Иргэн Б.Болороо суултаа зогсоолоо
Нөхрийнхөө нас барсан хэрэгтэй холбогдуулан Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотойгоор дахиж гаргуулахыг шаардаж, иргэн Б.Болороо төв талбайд суулт хийж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар түүнтэй ирж уулзан, шаардлагыг хүлээж авч байгаагаа хэллээ.
Мөн ЦЕГ-ын дарга С.Баатаржав "Ерөнхий сайд хэргийн талаар мэдээлэл, танилцуулгыг өнөөдөр авсан. Ингээд "Асуудлыг чирэгдэл үүсгэлгүй шийдэж өг" гэдэг чиглэл өгсөн. Мөрдөн байцаах албанаас прокурорт хандаж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргана. Прокуророос чиглэл өгөөд шинжээчээ томилно. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ямар хугацаанд гарахыг тодорхой хэлж мэдэхгүй байна" гэв.
Иргэн Б.Болороо шаардлагыг нь хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж мэдэгдсэн учраас Сүхбаатарын талбайд зарласан тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдэв.