ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.11.04-2019.11.10/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019“ тэмцээний ШИЛДГҮҮД тодорлоо
Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит болгон улсын хэмжээнд 3 дахь жилдээ 2018.11.08-ны өдөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон бусад албадын дарга удирдлагууд оролцов. Тэмцээний нэгдүгээр шатанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчөөс гуравдугаар шатны шалгаруулалтад 16 хэсгийн төлөөлөгч оролцсон юм.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ҮЗЛЭГ эхэллээ
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд /2019.11.06/ үзлэгийн комиссын бүрэлдэхүүнийг хүлээн авлаа. Комиссын бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 2019.11.07-2019.11.12-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүнг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулах юм.
Н.БАТ-ЭРДЭНЭ: Цагдаагийн алба хаагчид хүчирхийллийн дуудлагыг АНХНЫ удаа гэж бодож болохгүй
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр "...Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоногт 150-180 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 10-18 дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл байдаг. Үүн дээр цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд журамд заасны дагуу хурдан шуурхай очин туслалцаа үзүүлэх, хохирогчийн аюулгүй хангах арга хэмжээг авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлах шийтгэл ногдуулдаг болсон. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэдийн маань хуулийн мэдлэг дээшилсэн. Үүний нэг илрэл нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо тодорхой хэмжээгээр өссөн. Энэ нь цаашлаад тухайн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг юм..."гэв.
Цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг /2019.11.06/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгууллаа.
Ерөнхий сайд ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь “САЙШААВ“
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 783 иргэнийг баривчилсан. Өнгөрсөн бямба гарагт тэдгээрээс 759 иргэнийг албадан нутаг буцааж, өчигдөр Хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа.
Г.Давааням: “Мансууралтай ТЭМЦЭХ ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй”
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай ярилцлаа. Тэрбээр " ... Цагдаагийн байгууллагаас чиг үүргийн байгууллагуудыг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг удаа дараа хүргүүлж байгаа. Мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан арга хэмжээ тооцох болно. “Мансууралтай тэмцэх ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй” гэж үздэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үүрэг, оролцоон дээр тулгуурлах ёстой. Нэн ялангуяа төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын энэ оны аравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулсан. Тухайн Дэд зөвлөлийг Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ахлан ажиллаж байна. Дэд зөвлөл байгуулагдсантай холбогдуулан тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Хуралдаанаар мансууруулах эм сэтгэцэд, нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дэмжлэг оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тогтож гурван чиглэлд үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаар шийдвэрлэсэн..." хэмээн онцоллоо.
М.Мөнхгэрэл: Мөнгө өгсөнгүй гэж аавыгаа зодсон иргэнд хариуцлага тооцсон
Өчигдөр буюу /11.6/-ний өдөр СБД-ийн хэмжээнд хоногийн хугацаанд 197 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 13 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлга бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 20 орчим хувиар буурсан аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэл "...Иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодийн хүчирхийлэл гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл хүчирхийлэлийг эдийн засгийн, махбодийн, сэтгэл зүйн болон, бэлгийн хүчирхийлэл гэж ангилдаг. Иргэд энэ ангилалыг сайн мэдэхгүйгээс болоод зарим төрлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй. Сүүлийн үед хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллүүд ихэвчлэн хөрш айлуудаас ирдэг болсон. Иргэдэд хандаж хүчирхийллийг нуун дарагдуулах нь хүчирхийлэгчийг өөгшүүлж өөрөө харанхуй нүх рүү унаж байгаатай адил. Тиймээс заавал хууль, хүчний байгууллагад хандах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. "гэв.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛНА
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм.
“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019“ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний нээлтийн үйл ажиллагаа /2019.11.05/ боллоо. Энэхүү тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикийг бие биенээсээ суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” шалгаруулах арга хэмжээний гуравдугаар шатны шалгаруулалтад 16 алба хаагч шалгараад байна.
БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташшег хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ /2019.11.05/ Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа. Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Аккан нар оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Цагдаагийн байгууллага албадан гаргах ажиллагааг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэв
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд аялалын болон бизнес эрхлэх ангиллын визний зөвшөөрөлтэй боловч хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 759-н / Үүнээс 103 эмэгтэй/ иргэнийг 2019 оны 2019 оны 11-р сарын 02-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны цагдаагийн байгууллагад 2019 оны 11-р сарын 03-ны өдөр хүлээлгэн өглөө. Албадан гаргах ажиллагааны үед цагдаагийн байгууллагын 17 газар, хэлтсийн 339, бэлэн байдалд 80 алба хаагч, шаардлагатай тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангагдан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг ямар нэгэн зөрчил, дутагдалгүй гүйцэтгэв.
А.Батсүх: Олон нийтийн цагдаа бол иргэд цагдаагийн байгууллагыг холбогч гүүр юм
Олон нийтийн цагдаагийн талаар ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр " Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу 2014 оноос олон нийтийн цагдааг ажиллуулж эхэлсэн. Улсын хэмжээнд 400 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байна. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа бол цагдаагийн байгууллагын олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажил бол зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш. Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа чухал. Олон нийтийн цагдаа бол иргэд цагдаагийн байгууллагыг холбогч гүүр нь байх ёстой..."гэв.
Хороодын Засаг дарга нар “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“-ийг дэмжиж байна
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас "Хүүхэд хамгаалагч" төслийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн хороодын Засаг дарга нарт гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй хүүхэд, эрсдэлт нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг хэрхэн илрүүлэх, Хамтарсан багийг ямар арга зүйгээр удирдах, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхэд хамгаалагч иргэдтэй хэрхэн хамтран ажиллах, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт өдөрлөгийг зохион байгууллаа.
Гэмт хэргээс УРЬДЧИЛАН сэргийлэх ажлыг ЭРЧИМЖҮҮЛЭХ хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх” чиглэлээр харьяа хэлтсүүдийн дарга, тасгийн дарга ахлахуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр харьяа хэлтэс, тасгийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийг бууруулах, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр тодорхой санал санаачлага гарсан арга хэмжээ боллоо.
ИНФОГРАФИК: Нийт гэмт хэрэг -16.5 хувиар БУУРЧЭЭ
Э.Баярбаясгалан: Сүх барьж гэрийнхэнрүүгээ дайрсан этгээдийг саатуулжээ
Өнгөрсөн амралтын хоёр өдөр болон даваа гарагт цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3968 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 413 нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага мэдээлэл байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас тодрууллаа. Тэрбээр "Өчигдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт сүх барьж аллаа гэж айлгаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдсэн тул саатуулж, шүүхэд нотлох баримтыг бүрдүүлж, прокурорын хяналтанд шалгуулан саналаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ. Энэ нь хүчирхийллийг даамжруулахгүй байх нэг арга гэж хэлж болно..."гэв.
Л.Амармөрөн : Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.Тэрбээр “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Олс таталт”-ын тэмцээн зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны "Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 26 багийн 208 алба хаагч хурд хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүсрүү нэвтрэх хяналтын 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хо труу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоож ажиллаа.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс сургалт зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн дунд ангийн 90 сурагчдад ДХИС-ийн ахисан шатны боловсролын сургуулийн магистрантууд цахим гэмт хэргээс урbдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулав. Mөн гэмт хэрэг зөрчлөөс урbдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэсэн санамж, сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.
“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг танилцуулах өдөрлөг боллоо
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Хүүхэд хамгаалагч” төслийн танилцуулга, сургалт өдөрлөгийг /2019.11.07/ Сүхбаатар дүүргийн 20 хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан болон ерөнхий боловсролын сургуулийн захирал удирдлагууд, нийгмийн ажилтан, төслийн зохицуулагч нарын дунд зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас жагсаалын үзлэг зохион байгууллаа
Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын 2019 оны 11 дугаар сарын 08 ний өдрийн 13/2213 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчдын дунд жагсаалын үзлэгийг 2019.11.08-ны өглөө 08:00 цагт зохион байгууллаа. Жагсаалын үзлэгт ажилтай, ээлжийн амралттайгаас бусад алба хаагчид бүрэн хамрагдлаа. Үзлэгийг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Амгаланбаатар удирдан, ахлах байцаагч нар оролцон явууллаа.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас алба хаагчид хугацааны цолоор шагнагдлаа
Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг ЦЕГ-ын даргын тушаалаар хугацааны цолоор шагнасныг өнөө өглөө хэлтсийн дарга, удирдлагууд хамт олны өмнө гардуулан өгч, халуун баяр хүргэлээ. Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар, Б.Ганбат нар цагдаагийн ахлах дэслэгч цолоор, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Сүхтулга цагдаагийн ахмад цолоор, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Өсөхбаяр цагдаагийн ахлах дэслэгч цолоор тус тус шагнагдлаа.
Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжинд олгоод байна. Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой юм.
Таны асуултанд хариулъя
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн цахим хуудаст иргэдээс ирүүлж буй нийтлэг асуултуудад албан ёсны хариулт өгч ажиллаж байна. Тухайлбал, Асуулт:1.Би цагаан байрны орчимд явж байгаад гар утсаа алдсан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтэст очсон чинь намайг 1-р хэлтэст очиж өргөдөл гаргах ёстой гэх юм энэ ямар учиртай юм бэ? Хариулт:1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн харьяалалтай байдаг юм. Үүний дагуу цагдаагийн байгууллага нутаг дэвсгэрийн харьяаллаар гомдол мэдээллийг хүлээн авдаг бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд харьяалал харгалзахгүй гомдол мэдээллийг хүлээн авч гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг устаж үгүй болохоос урьтаж нэн дариу нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулж прокурор харьяалал тогтоох асуудлыг шийдвэрлэнэ. Таны хувьд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт явж байсан байна. Чингэлтэйн цагдаагийн газар нь хариуцсан хороодоороо бүсчлэн хариуцаж авдаг учраас таны гар утсаа алдсан газар нь 1 дүгээр хэлтэсдээ хамаарах газар нутаг учраас таныг холбогдох газарт нь гомдол гаргахыг зөвлөсөн байна.