Иргэд “И-баримт“ аппликейшныг ашиглан авто тээврийн албан татвараа төлөх боломжтой боллоо
Иргэд “И-баримт" аппликейшныг ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 38 үйлчилгээ, лавлагааг богино хугацаанд авах боломж бүрдээд байсан бол энэ удаа Татварын ерөнхий газрын үйлчилгээ нэмэгдсэн талаар өнөөдөр албаныхан танилцууллаа.
Нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтсийн дарга С.Цэрэнжамц “Энэ удаа Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг “И-баримт” аппликейшн ашиглан өөрийн харилцдаг интернет банкаараа төлөх боломжийг танилцуулж байна. Өмнө нь авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлөхөд харьяа дүүргийн татварын албанд очиж, ногдолоо тодорхойлуулж, банкинд дугаарлан татвар төлбөрөө төлсний дараагаар татварын улсын байцаагчид очиж, тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Ингэхийн тулд иргэд нэлээд цаг хугацааг зарцуулж, замын хөдөлгөөний түгжрэлд ордог. Мөн жолооч нар гурван төрлийн 900-3000 төгрөгийн татвар хураамж төлдөг байсан бол одоо өөрийн байгаа газраасаа интернетэд холбогдон 300 төгрөгийн хураамжаар албан татвараа төлөх боломжтой боллоо” гэв.
Цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд төрийн 25 байгууллагын 181 үйлчилгээг “И-баримт” аппликейшн ашиглан нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор төрийн хоёр байгууллагын үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж.