УЕПГ: “ПРОКУРОР- СЭТГҮҮЛЧ 2019” сургалт АМЖИЛТТАЙ зохион байгуулагдлаа
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2019" сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт анх удаа зохион байгууллаа.
Сургалтанд телевиз, сонин, сайтын 20 сэтгүүлч хамрагдсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт”, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл “Мөрдөн шалгах ажиллагааны нууцлал”, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт”, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдвээр тус тус сургалт явуулсан юм.
Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат сургалтыг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү сургалтаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулах, ялангуяа эрүүгийн болон зөрчлийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд дэмжлэг болохуйц олон мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Сургалтын үеэр сэтгүүлчид гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхэд анхаарах асуудлаар тодорхой кэйс дээр ажиллаж, сургалтын сэдвийн хүрээнд сонирхсон асуултандаа хариулт авсан юм.
"ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2019" сургалтын төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат болон хэлтсийн дарга нар сэтгүүлчдэд сертификат гардуулан өгч, энэ салбарын мэргэшсэн сэтгүүлч болж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Прокурорын байгууллагаас энэхүү сургалтыг цаашид сэтгүүлчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар, үргэлжүүлэн зохион байгуулах аж.
Эх сурвалж: УЕПГ
|