Баянхонгорт үйлдвэрийн 41 ажилчин хордож, хоёр хүний бие хүнд байна
Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанид энэ сарын 25-ны 09:30 минут орчимд “Хүн ухаан алдсан, бие нь муудсан” гэх дуудлага өгчээ.
Тус компанийн “Мах март” үйлдвэрт яаралтай тусламжийн баг очиход үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулсан.
Аймгийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй урьдчилсан байдлаар үзэж байна.
Прокурорын хяналтан дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байна.
Өчигдөр байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2 хүн, дотрын тасагт 1 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэгт 6 хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.