Д.Оюун: Эцэг эхийн хайхрамжгүйгээс хүүхэд хохирвол 300 мянгаар торгодог хуультай

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтай ярилцлаа.


-Хүүхдийн эрх зөрчигдсөн, хохирсон дуудлага мэдээлэл өдөрт хэр их ирдэг вэ?

-Нийслэлийн хэмжээнд өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 120-150 дуудлага мэдээлэл ирдэг. Зарим дуудлага нь согтуугийн дуудлагатай андуурагддаг. Дуудлага мэдээллийг шалгаж тогтооход хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдлууд бас байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд зөвхөн насанд хүрэгчдийн буюу эцэг эхчүүдийн хувьд болж өрнөөд байгаа мэт боловч давхар хүүхдийн эрх ашиг хохирч байдаг. Мөн иргэдийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дуудлага мэдээллийг өгдөг сайн талтай байгаа. Цагдаагийн байгууллагаас дуудлага бүрийн шалтгаан нөхцөлийг тогтоон, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг. Одоогийн байдлаар нэг хоногийн дотор хүүхдийн эрхтэй холбоотой долоон дуудлага ирсэн байна.

-Эцэг эх нь архидан согтуурахдаа гурван настай хүүхдээ дагуулж явсан хэрэг гарсан байна лээ?

-2019 оны аравдугаар сарын 11-12-ны өдөр шилжих шөнө Баянзүр дүүргийн долдугаар хороонд байрлах ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг эхтэй холбоотой дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид аавыг нь эрүүлжүүлж, ээжийг хүүхдийн хамт гэрт нь хүргэж өгсөн. Энэ зөрчлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа.

-Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд хохирох тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болоод ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог. Эрүүгийн хариуцлагын хувьд ямар төрлийн хохирол, биед нь ямар гэмтэл учирснаас шалтгаалан эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар хариуцлага хүлээлгэдэг. Жишээлбэл, санаатай болон болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийн зүйлчлэл өөр. Мөн авто ослыг тусдаа зүйл ангиар авч үзнэ. Ахуйн орчинд анхаарал халамж сулруулснаас үүдээд хүүхдэд учирсан хор хохирол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгаа. Давхар хүүхдийн эрхийн тухай хуулиар болон холбогдох хуулиудын заалтуудаар хариуцлага тооцдог.

Дийлэнхдээ бага насны хүүхдээ дагуулан архидан согтуурсан гэдэг зөрчилд зөрчлийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу үл хайхрах хүчирхийлэл буюу хүүхдэд анхаарал халамж тавиагүй, хажууд нь архидан согтуурсан гэдгээр арга хэмжээ тооцно. Сургуулийн орчинд хүүхдийг гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй, эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгч, авдаггүйгээс үүдээд гудамж талбайд хүүхэд аюул осолд өртдөг тохиолдол байдаг. Энэ бол цэвэр эцэг эхийн хариуцлагын асуудал. Мөн өөрсдийн буруутай үйлдлээс хамаараад хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас оршин суугаа хаягнаасаа богино хугацаанд төөрөх асуудал байдаг.

-Цаг тухайд нь хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь аваагүйгээс болж хүүхэд төөрсөн тохиолдол хэр их бүртгэгддэг вэ?

-Нийслэл хотын хэмжээнд одоо эрэн сурвалжлагдаж байгаа гурван хүүхэд байна. Нэг хоногийн хугацаанд төөрсөн хүүхэд 10-15 орчим бүртгэгддэг. Ихэнх тохиолдолд 2-4 цагийн хугацаанд оршин суугаа хаягнаасаа төөрсөн хэмээн цагдаад бүртгэгдэж олж өгсөн тохиолдлууд байдаг. Үүнд мөн л эцэг эхийн хайхрамжгүй байдад яригдана.

-Эцэг эхийн хариуцлыг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Цагдаагийн байгууллагаас эцэг эх болон насанд хүрэгчдийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад яаж татан оролцуулах талаар сургуулийн орчинд “School police”хөтөлбөр хэрэгжүүлээд олон жил боллоо. Энэ онд “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байгаа. Гудамж талбай сургуулийн орчноос гадна хүүхдийг гэрээс сургууль хүрэх, сургуулиас гэр хүрэх эмзэг цэгүүд болох гудамж талбай, авто замын хөдөлгөөн ихтэй газруудад “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд насанд хүрэгчдийн зүгээс гудамж талбайд ажиллаж байна. Гэхдээ эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас болоод хүүхдүүд эрсдэлд өртөх магадлал байна. Тиймээс насанд хүрэгчид хариуцлагаа дээшлүүлэх ёстой. Хэрвээ хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүлээгээгүй байвал зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар арга хэмжээ тооцдог. Хамгийн доод тал нь 300 мянган төгрөгөөр торгох торгуультай.

-Хүүхэдтэй холбоотой осол гэмтлийн дуудлага хэр их ирдэг вэ?

- Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Түлэнхийн төв дээр их ирдэг. Ахуйн орчинд түлэгдсэн тохиолдол энэ онд тэргүүлэх зэрэгтэй байна. Үүний араас өндрөөс унах осол орж байна. Энэ бол эцэг эхийн хайхрамжгүй, болгоомжгүй байдал. Ахуйн орчинд хүүхдүүд гэмтэж амиа насаа алдаж байгаа нь харамсалтай тохиолдол. Архидан согтуурсантай холбоотойгоор болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирсон дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгаж тогтоох ажиллагааг хийдэг.

-Хүүхэд ахуйн орчинд эцэг эхийн хайхрамжгүйгээс болж хохирох нь ихэссэн юм байна. Энэ тохиолдолд асран хамгаалагчид нь ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хүүхдэд тавих анхаарал халамж сулруулсан, үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд 300 мянган төгрөгөөр торгоно. Хэрвээ хүүхдийг зодсон, аливаа төрлийн хүчирхийллийн хэлбэрт өртүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, торгох, цагдан хорих зэрэг зөрчлийн болон эрүүгийн хариуцлагын төрлүүд бий. Хэрвээ нөхцөл байдлыг шалгаж үзээд эцэг эх, асран хамгаалагч байх эрхгүй гэж үзвэл иргэний тухай хуулийн дагуу эцэг эх байх эрхийг нь хасна.Хариуцлагын төрөл олон байдаг.

-Хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдалд юу юу ордог вэ?

-Хүүхэд аль ч орчинд эрсдэлтэй байж болно. Үе тэнгийнхний дарамтаас эхлээд сургуулиас гараад авто замын хөдөлгөөнд оролцох, цаашлаад гэр лүүгээ явж байхдаа дээрэмдүүлэх, хулгайн гэмт хэрэгт өртөх, залилуулах гэх мэт аюулд өртөх эрсдэл бий. Цаашлаад ахуйн хүрээнд буюу гэртээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болно.

Харин эцэг эх асран хамгаалагч, насанд хүрэгчид хүүхдэд тавих анхаарал халамжийг дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж бүхий л орчинг хүүхдэд ээлтэй болгох шаардлагатай байгаа юм. Иргэдийн зүгээс хүүхдийн эрх ашигтай холбоотой дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж анхаарч буй сайн тал байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609746
0 эможи

Зочин
2019-10-28 12:29
keyboard_arrow_up