14 НАСТАЙ ХҮҮ: “Миний аав архи ууж байнга биднийг зоддог ч засраад буцаад ирнэ гэдэгт итгэдэг”
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭН ШӨНИЙН ЦАГААР ЭХНЭР, НЭГ НАСТАЙ ХҮҮХДИЙН ХАМТААР ЗОДОЖ ХӨӨЖ ГАРГАСАН-
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэгэн иргэнээс “Хажуу айлын хүн эхнэр, хүүхдүүдээ зодоод орилуулаад байна” гэх дуудлага мэдээлэл Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2019 оны 04 дүгээр сард бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй уг дуудлага, мэдээлэл шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн байх бөгөөд авто эргүүлийн алба хаагчид шуурхай очиж шалгасан аж. Улмаар хүйтэн шөнө 44 настай, эмэгтэй Ц гэгч нь нэг нас долоон сартай охиныг нь хамт гудамжинд сууж байжээ. Дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагчид учир байдлыг тодруулахад “Манай нөхөр Т нь /45 настай/ намайг өөрийнх нь санаа зорилго, хүслийн дагуу байсангүй, харцаар нь хөдөлсөнгүй, мөн ямар ч учир шалтгаангүй хардаж миний толгой, нүүр рүү цохиод охин бид хоёрыг хөөгөөд гаргасан” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьж байжээ.
Ингээд цагдаагийн алба хаагчид тухайн тоот гэрийг шалгахад “Аав түрүүн гэрээс гараад явчихсан” гэж хэлэх 10 настай хүү М нь ганцаараа байж байсан аж.
-ХАЖУУ АЙЛД ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛООД БАЙНА ГЭСЭН ЗУРГААН ДУУДЛАГА ИРЖ БАЙЖЭЭ-
Цагдаагийн байгууллагаас тухайн айлаас өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж байсан эсэх, Т гэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх талаар шалгахад 2018 оны 10 сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл “Хажуу айлд эмэгтэй хүн, хүүхдүүд орилолдоод байна”, “Нөхөр агсам тавиад байна”, “Хойд айлд согтуу хүн агсараад байна” зэрэг нийт зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирүүлсэн байх бөгөөд Т гэгчид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулж байсан этгээд байсныг нь тогтоосон.
Цагдаагийн байгууллагаас эхнэр, хүүхдүүдийнх нь амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Түр хамгаалах байр”-нд хүлээлгэн өгсөн. Харин гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр өөрийн төрсөн хүүхдийг хүчирхийлэлд удаа дараа байлгасан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргээр сэжигтэн Т гэгчийг эрэн сурвалжилж ажилласан байна.
Мөрдөн шалгалтын явцад хохирогч болох эхнэр Ц мэдүүлэхдээ: “Бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байна, эхэндээ бидний амьдрал бусад гэр бүлийн л адил аз жаргалтай, сайхан байсан боловч сүүлийн таван жилээс л эхлэн манай нөхөр архи ууж эхлээд намайг шалтгаангүйгээр хардаж, бага багаар гар хүрсээр сүүлдээ хутга барьж сүрдүүлэн нүүр нүдгүй зоддог болж эхэлсэн. Мөн намайг цагдаад мэдэгдэх юм бол “ална шүү” гээд гэрийн үүдэнд хутга бариад зогсчихдог болсон. Хэдэн сарын өмнө л гэхэд согтуу ирээд агсан согтуу тавьж уурлаж орилж байгаад халуун хоол өшиглөөд охиныхоо гуяыг түлж байсан удаатай, салаад явчихъя гэхээр очих хүн, амьдрах газар байхгүй тул аргагүйн эрхэнд гэртээ амьдарч байна” хэмээжээ. Мөн ойр орчмын хөрш айлуудаас гэрчийн мэдүүлэг авахад “Дандаа шөнийн цагаар 1,2 цаг өнгөрөхөөр л эхнэр хүүхдээ уйлуулж, орилуулаад байдаг, их хэцүүхэн айл даа” гэж ярьцгаасан байна.
-ХООСОН ХОНОХГҮЙН ТУЛ НЭГ НАСТАЙ ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ЗАХ ДЭЭР НОГОО ЯЛГАХ АЖИЛ ХИЙДЭГ БАЙСАН-
Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр хохирогч Ц нь гэр бүлээ тэжээж хоолтой хонохын тулд нэг ой долоон сартай хүүхдээ тэврээд Дэнжийн 1000 зах дээр ногоо ялгах ажил хийдэг болох нь тогтоогдсон байна. Мөн нөхрөө согтуу ирсэн үед нь тайвшруулж унтуулаад хоёр хүүхдээ хажуу эзэнгүй хашааны амбаарт ор засаж өгөөд унтуулж амрааж, хорогддог болох нь тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч Т-г эрэн сурвалжлах хугацаанд иргэн Ц-н хүсэлтээр түүнийг хүүхдүүдийн хамт “Түр хамгаалах байр”-наас гарган хууль, журмын дагуу гэр бүлийн бусад гишүүдийн асрамжинд хүлээлгэн өгөх гэсэн боловч Ц нь багаасаа өнчин өссөн гэр бүлийн хүмүүс, хамаатан садан байхгүй тул гэрт нь хүргэж өгч, цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт тавьж ажиллажээ.
Харин сэжигтэн Т-г гэртээ согтуу ирэхэд нь цагдаагийн байгууллага барьж саатуулан шалгалтын ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан шүүхэд шилжүүлж түүнийг 30 хоногийн хугацаагаар баривчилах, 45 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулж хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаад байсан эмэгтэйг түүний хоёр хүүхдийн хамт хорооны хамтарсан багийн хяналтанд авч Ц-г ажилд зуучлуулах ажлыг зохион байгуулжээ.
Гэр бүлийн хүчирхийллийг өдөр бүзр нүдээр харж өссөн 14 настай том хүү нь хамтарсан багийн асуумжинд хариулахдаа: “Би л хичээл номоо сайн хийж байж дараа нь ээж, аав гэр бүлдээ тусална, миний эцэг архи ууж биднийг зовоодог ч гэсэн миний эцэг маш сайн хүн, миний эцэг хэзээ нэгэн цагт засраад бидэнд ирнэ” гэсэн итгэл найдвар дүүрэн хэлжээ.
У.УРАНЦЭЦЭГ