Ж.Мөнхсаран: Олон нийтийн цагдаа бие дааж үүрэг гүйцэтгэхээсээ илүү хамтран үүрэг гүйцэтгэдэг

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Олон нийтийн цагдаагаар ажиллах болсон ажлын гараанаасаа ярилцлагаа эхэлье.

Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 2002 оноос  хойш өдийг хүртэл амьдарч байгаа юм.  2017 онд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, олон нийтийн цагдаагаар ажиллахаар шийдээд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн.

Яагаад олон нийтийн цагдаа болохоор шийдсэн бэ?

Би хараахан дээд боловсрол эзэмшиж амжаагүй байгаа тул олон нийтийн цагдаагаар ажиллахаар шийдсэн. Энэ нь багын мөрөөдөлдөө нэг алхам ч болов дөхөж байгаагийн илрэл юм. Залуу хүн сурч боловсрох хэрэгтэй гэж боддог тул удахгүй сургуульд сурахаар төлөвлөж байгаа. Би багаасаа цагдаа болно гэж мөрөөддөг байсан.

- Олон нийтийн цагдаа нар маань хорооныхоо иргэдийг сайн таньдаг гэсэн. Иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Энэ хороондоо 17 жил ажиллаж байгаа болохоор оршин суугчдаа сайн таньдаг. Олон нийтийн цагдаа болоогүй байхдаа зүс мэддэг байсан ч одоо бүх оршин суугч нараа таньдаг болсон. Иргэдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол маш чухал байдаг.

Таны ажлын ачаалал хэр вэ?

Манай хороо дамжин өнгөрөгч ихтэй, өдөртөө 11.000 гаруй иргэн дамжин өнгөрдөг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч ажлын ачаалал харьцангуй их. Гэхдээ гэмт хэргийн гаралт бага. Жишээлбэл 2018 оны эхний хагас жилийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг мөн үетэй харьцуулахад 5 хувиар буурсан байна.

- Гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан гэх мэдээллийг сонсоход танд ямар санагддаг вэ?

Мэдээж сайхан мэдээ. Гэмт хэрэг, зөрчлийн гаралт багасахад би улам их эрч хүчтэй болдог. Яагаад гэхээр Олон нийтийн цагдаа бол иргэн, цагдаа хоёрыг холбох гэмтэлгүй гүүр юм. Иймдээ ч би ажлаа өдөр бүр дурлан хийдэг. Цаашдаа ч илүү сайн ажиллаж мөрөөдөлдөө хүрнэ гэж боддог.

-Олон нийтийн цагдаа нар маань ямар хууль, дүрэм хэрэгжүүлж ажилладаг вэ?

Бид чинь иргэдийнхээ дунд цагдаа, цагдаа нарынхаа дунд иргэн шүү дээ /инээв/. Бие дааж үүрэг гүйцэтгэхээсээ илүү, хорооны цагдаатайгаа хамтран үүрэг гүйцэтгэдэг.

-Эмэгтэй хүн энэ нэр төртэй албанд ажиллах мэдээж бахархмаар байдаг.

Эмэгтэй хүн гэдэг чинь уян зөөлөн байдаг. Харин энэ алба бол хууль, дүрмийг чанд даган мөрдүүлж ажиллахыг шаарддаг. Мэдээж ажиллах явцад хатуу ширүүн гэхээсээ илүү шударга байхын төлөө ажилладаг. Ийм албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэйчүүдээр бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Төрийн тусгай албанд ажилладаг бүх л эмэгтэйчүүдээр би бахархдаг.

Ажлынхаа хамгийн жаргалтай болон хэцүү зүйлийн талаар та юу хэлэх вэ?

Ажлаасаа өөрийн багын хүсэл мөрөөдөл, зорилгыг биелүүлж чадаж байгаа учраас өдөр бүр аз жаргалтайгаар хийдэг. Төвөгшөөж байсан удаа надад байхгүй. Харин, би зөөлөн ааштай ч их хурц үгтэй хүн л дээ. Тиймдээ ч нэг удаа хорооныхоо нэг настай ахад ширүүн үг хэлээд, дараа нь өөрөө уйлж билээ. Одоо ч тэр хүнийг харахаар сэтгэл минь өвдөөд байдаг юм. Гэхдээ тэгж хэлснээс хойш тэр иргэн маань согтууруулах ундааны зүйл огт хэрэглэхээ больсон доо.

Хүн ажлаараа бахархдаг шигээ гэр бүлээрээ ч мөн бахархах хэрэгтэй гэж боддог, харин та?

Тиймээ. Хатуухан хэлэхэд ажил бус гэр бүл л үлдэнэ. Би нөхөр, хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Ам бүл дөрвүүлээ. Нөхөр маань цэцэрлэгийн багш, хоёр хүүхэдтэйгээ өглөө хамт явж, орой хамт ирдэг. Ажил, албыг минь ойлгож үргэлж тусалж, дэмждэг.

-Гэр бүлдээ хэр их цаг, зав гаргадаг вэ?

Хүний хамгийн эрхэм хийгээд, хамгийн сайхан зүйл бол гэр бүл. Тиймдээ ч ажлаа дуусгаад үлдсэн бүх цаг, завыг хань ижил, үр хүүхэддээ зориулахыг хичээдэг.

- Хороонд Олон нийтийн цагдаагийн үүрэг их байдаг гэж сонссон. Иргэд нь тавьж байгаа шаардлагыг хэрхэн биелүүлдэг вэ?

Мэдээж бид хууль ёсны шаардлага л тавьдаг. Хорооны маань иргэд ихэд ухамсартай, тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр хэрэгжүүлж, хорооны хэсгийн байцаагч, цагдаа болон бидний ажлыг маш их дэмжиж ажилладаг. Тиймдээ ч ажлаасаа нэг ч удаа шантарч байсан үе байхгүй.

- Хүн үргэлж хүсэж, мөрөөдөж амьдардаг. Таны цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ?

 Хэрвээ би боломж л олдох юм бол цагдаа болж цагдаагийн байгууллагадаа ажиллана. Манай цагдаа нар хувцасаа өмсөөд, жагсаалдаа зогсох их сүртэй сайхан харагддаг. Олон нийтийн цагдаа нар тусдаа хайрцаг болон зогсдог. Тэр үед цагдаа нараа харахаар өөрийн эрхгүй нулимс гарч, сэтгэл хөдөлдөг.  

-Тэгэхээр хүсэл, мөрөөдөл гэдэг агуу зүйл юм аа.

Хүн юу хүснэ яг тэр цэгтээ л очиж байж санаа нь амардаг байх. Магадгүй би цагдаа болж чадаагүй ч Олон нийтийн цагдаа болсон. Гэхдээ миний хүсэл, мөрөөдөл зогсоогүй байгаа. Би улс эх орноо амар амгалан, үр хүүхдээ зөв төлөвшүүлж, зөв хүн болгож, эр нөхрийнхөө халамжит хань нь байж, их зүйл хийж бүтээнэ. Олон нийтийн цагдаагийн ажил бол миний хүсэл, мөрөөдлийн гүүр болдог. Иймээс би иргэн, цагдаа нарынхаа гүүр бол, миний хийж байгаа энэ ажил миний хүсэл, мөрөөдлийн гүүр юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609673
1 эможи

Зочин
2019-10-25 02:08
Зочин
2019-10-24 19:08
keyboard_arrow_up