Дархлагдсан “дээрэмчин” хүрэн баавгайн “дошин“ дээрээс сурвалжиллаа (II)

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Түрүүч нь 212(6313) дугаарт

Мандахбаяр винтов буугаар баавгайн орсон бут руу хэд хэдэн удаа сум тавилаа. Сум нь дууссан бололтой. Тэрээр “Бид эндээс маргааш гэхэд нүүж төв орно оо. Бууны сум дуусчихдаг нь тиймхэн юм боллоо шүү” гээд гэр рүүгээ зүглэв. Эхнэр нөхөр хоёрын хамаг бие салганаж чичирч байгаа нь харахад л илт.

МОГОЙТЫН ГОЛ БОЛ МОРЬТОЙ ХҮН Л ГАТАЛЖ ЧАДАХ ОНГОН ТАЙГА

“Танай нутагт эцэг, хүү хоёрыг баавгай идсэн харамсалтай хэрэг гарсан. Танайх Могойтын голтой ойролцоо хотолж байгаа юм байна. Энэ хэрэг юу болж байна вэ” хэмээн биднийг асуухад Мандахбаяр атгасан гараараа амаа даран “Хэргийн газар аймшигтай байсан. Энэ талаар ярихаас одоог хүртэл дотор муухайрч байна. Ямартаа ч амь насаа алдсан Одхүү гэх хүн манай Ерөөгийнх биш. Хүдэр сумынх. Насаараа орос хэлний багшаар ажилласан нэлээн боловсролтой хүн байсан юм. Манай нутагт ирээд Н гэдэг бүсгүйтэй хамт амьдарч байсан. Тийм боловсролтой хүн яагаад ч уурхайн манаач хийж байсан юм байгаа юм. Хувиараа алт олборлодог бичил уурхайтай байсан. Гэхдээ тийм ч ашигтай байдаггүй байсан. Сумын төвөөс бүх нинжа нарыг гаргахад ганцаараа үлдчихсэн гэж сонссон. Тэгээд л...” гэтэл нутгийн жолооч “Сумын захиргаанаас хоёр гурав хоногтоо нэг очиж шалгадаг байсан юм. Тэр хавийн айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Баавгайн нутгаас гаргах гэж л тэр шүү дээ. Биднийг очиход яг одоо нүүлээ гээд байдаг байсан юм. Тэгээд л байгаад байсан хэрэг” гэлээ. Тус аймшигт хэрэг гарахаас өмнө Могойтын голын нэгэн цамхагийг баавгай түйвээж, дотор нь байсан хүнсийг нь идэж, хүн амьтныг нь айлгасан хэрэг гараад байжээ. Улмаар тухайн газар хүн амьдрах нөхцөлгүй араатны нутаг болсон байна гэж үзээд иргэдийг тус нутгаас нүүлгэн шилжүүлсэн аж. Могойтын гол бол морьтой хүн л давна уу гэхээс ямар ч хүчтэй машин, техник гарахын аргагүй хэцүү замтай, ихэнх газар нь хүний хөл хүрээгүй онгон тайга. Хүйтний голоос Дуганы суурь ороход энэ замыг ашигладаг бөгөөд тэнд ажил үйлчилгээ явуулчихаар объект байхгүй зэлүүд газар юм. Манай сурвалжлах баг тэднээс үргэлжлүүлэн “Хамт амьдарч байсан эмэгтэй нь болсон явдлын талаар юу гэж байна” гэхэд жолооч залуу “Анхааруулсаар байхад нүүгээгүй бидний буруу гэж байна лээ. Нэлээн хэцүү байдалтай харагдсан. Хот руу нүүсэн” гээд буруу харав. Бидний яриаг сонсож суусан Мандахбаяр “Ер нь өлссөн л амьтан шүү дээ. Хоол эргүүлээд л явж байгаа юм. Манай нутагт баавгай идчихээр хоол хомс болсон. Самарчдын ярьж байгаагаар самар ургадаг сум Монголд байхгүй болчихсон юм биш үү. Самраа вагон вагоноор урд хөрш рүү зараад туучихсан, хүний гарт сэглэгдсэн хушин ой үхчиж, самар жимс ургахаа больчихгүй юу. Баавгай гэлтгүй л самраар хооллодог амьтад тураалдаа орж байгаа байлгүй дээ. Энэ хавиар Нинжа нар дүүрэн байсан шүү дээ. Бүгдийг нь албадан гаргаж, техник хэрэгслийг нь битүүмжилчихсэн болохоор нам жим байгаа юм” гэлээ. Шөнийн 22:00 цаг болсон тул бид тэднийд хоноглохоор боллоо. Шинийн 15-ны тэргэл сар үүлний цаанаас туяарч, тооноор нь гэрэл тусна. Гэрийн гадаа адуу янцгааж, хонь мал майлалдах дуунаар бөх нойрсчээ.

ЕРӨӨ СЭТГЭЛ ХОРГОДОМСАЙХАН ХАНГАЙ

Аравдугаар сарын 13. -Манай сурвалжлах баг Мандахбаярынд өнжиж, Могойтын голоор сурвалжлага бэлтгэхээр болов. Мандахбаяр ч сумгүй винтовоо үүрээд, үстэй дээлээ өмсч, бидэнтэй цуг явлаа. Үүр хаяарах цагаар бид хөдөлсөн юм. Мандахбаяр бид хэд морьтой уул өөд мацаж явахдаа, гоёмсог цэцэгс битүү ургасан ой хөвч рүү орчихлоо. Энэ хөвч тайга Ерөө сумын төв хэсэгт орших Баян голын ай сав газарт хамаарна. Цэцэгс, модод шаргал туяа татаж, ишин дээрээ найган ганхана. Тунгалаг цэвэрхэн агаар өглөөний жиндэм, таатай уур амьсгалтай холилдон тийм гэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлж байв. Баянголын тунгалаг усны шоржигноон тээр алсаас сонсогдож, хааяа хааяахандаа баавгайн архиралт, чонын улиан сонсогдох нь жигтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд буй энэ хөвч бол Сэлэнгэ, Хэнтий аймгийн нэлээн хэдэн сумыг дамнан үргэлжилж хойд хилтэй залгадаг. Энэ хөвчид Монголын ан амьтдын ихэнх бий. Бас онгон төрхөө хадгалж үлдсэн байгаль бий. Хөвчид хаашаа л харна зэрлэг ан амьтад, зарим нь үр төлөө дагуулчихсан явж байгаа харагдана.

Бидэнд замчилж буй Мандахбаярын уг гарвал нь Хөвсгөл. Өтгөн ширвээ сахалтай, шийдэмгий харцтай, өндөр нуруутай, өргөн цээжтэй 60 шүргэж яваа болов уу гэмээр энэ эр гэргийнхээ нутагт ирж, баавгайн нутаг болох хөвч тайгад 40 шахам жил амьдарчээ. Хүүхдүүд нь хотод оюутан, зарим нь ажиллаж амьдардаг гэнэ. Мандахбаяр Хөвсгөлөөс Цагаан толгойн ТМС буюу одоогийн Сант суманд трактор, комбайнчаар төгсч, Ерөөгийн САА-д ажиллаж байгаад хувьчлалын үеэр мал дээр гарчээ. Эхнэрийнхээ ахад хувьцаагаа өгсөн боловч тэр хувьцаагаар нь боссон компани удалгүй дампуурсан байна. Түүний гэрийн номын сан нэлээд баялаг. Нэг илүү гэр нь бүтэн номын сан бололтой харагдсан. Энэ талаар түүнээс асуухад “Би гэдэг хүн үзэж туулсан зүйл ер нь бага. Гадаад байтугай Сэлэнгээсээ гарч үзээгүй хүн шүү дээ. Одоогийн энэ амьдралын ухаанаа номноос л олж авсан даа” хэмээв. Та яагаад нутаг буцаагүй юм бэ гэхэд “Энэ сайхан хангайд сэтгэл хоргодчихсон юм л даа. Золиг гэж. Явъя гэж бодсон ч санагалзах юм билээ. Энэ нутагт би амьдралынхаа гуравны хоёрыг өнгөрүүлсэн. Миний хайртай бүхэн энэ нутагт л байна. Ерөө суманд ирээд ийм сайхан, үзэсгэлэнтэй гэргийтэй боллоо. Охин, хүү хоёр минь энэ нутагт төрж, өслөө. Тиймээс өөрийгөө Ерөөгийн хүн болсон гэж боддог” гээд хөхрөв. Биднийг ийн хуучилж явахад модны мөчир хугарах чимээ хажууханд сонсогдов. Мандахбаяр “Баавгайн хоол болох гээгүй юм бол хэдүүлээ ингэсгээд буцсан нь дээр байх. Чамайг зураг авахын завдалгүй шуугьж ирээд алгадаад унагаачих нь шүү” гэв. Бид ч зөвшөөрч замын дундаас буцлаа. Биднийг хотондоо ирэхэд портер маркийн хоёр автомашин ирсэн байв. Ингээд бид гэрээ ачаалан Ерөөгийн төв рүү мордлоо.

Үдээс өмнө бид Ерөөгийн төвд орж ирлээ. Хамгийн түрүүнд хоёрдугаар багийн засаг дарга Л.Болормаа уулзаж “За нөгөөх айлууд юу болов” гэхэд тэрээр “Хоёрдугаар багийн иргэдээ бүгдийг нь нүүлгэн шилжүүлчихсэн. Болд гуайнх хоёр гэрээ хоёуланг нь буулгаад төв рүү ороод ирсэн. Хүзүүвчийн өвөрт байсан айл гэрээ өчигдөр орой буулгаад төв дээр байгаа. Мал нь Шарын голд зуншиж, хаварждаг. Өвөл болохоор наашлах юм билээ. Баавгайн халдлагад өртөх магадлалтай айлуудыг ер нь урьдчилан сэргийлж, төв рүү авч ирж, ажиллалаа” гэв. Ерөө сумын хаана ч амьдардаг бай унтаж амардаг газраа хоол хүнс хадгалахгүй байхыг сумын захиргаанаас анхааруулж байгаа юм. Өлсгөлөн баавгайн дайралтад өртөхгүй байхын тулд зарим нэг арга хэмжээг ард иргэд өөрсдөө авч байгаа нь энэ юм. Нэг сайн мэдээ нь өнөөдрийн 12:00 цагийн байдлаар баавгайн "дээрмийн" ямар нэг дуудлага захиргаанд ирээгүй аж.

БААВГАЙТАЙ НЭГ ТОГООНООС ХООЛ ИДЭХ ШАХУУ ЯВСАН ЭР ГЭРЭЭ ХЭМХЧҮҮЛЭВ

Манай сурвалжлах баг Ерөө сумын газар нутгийн төвд байрлах Бугант тосгонд хүрэв. Биднийг буйдхан суурин угтаж авсан юм. Тэндээсээ Баянмөнх гэх энэ нутагт олон жил суурьшсан ах хүүгээр замчлуулан цааш дархан цаазат нутаг руу зүглэлээ. Тэрбээр “Хадлангийн гэрээрээ дайрах ажил байна. Тэгээд цаашилъя” гэв. Ерөө сумынхан хөдөлмөрч хүмүүс. Баянмөнх гуай 50 га газрыг гараар хадан, хадсан өвсөө ганцаараа цуглуулсан байна. Нэг боодол өвс 30-40 кг жинтэй. 7000 мянган боодол өвсийг тэрээр гараараа цуглуулж, хураажээ. Ингээд түүний хадлангийн гэрийг шалгах санаатай очлоо. Гэрийг нь бусниулсан харагдана. Тэрээр “Ээ хүүдий, нөгөөх чинь бусниулчихаж” гээд машинаас үсрэн буув. Түүнийг хадлан хийж явахад нэгэн хүрэн баавгай алсаас ширтээд зогсчихдог байж. Заримдаа гэрийнх нь хаяанд ирчихсэн явж байдаг байсан гэнэ. Ах заримдаа хатсан ааруул, ээзгийгээ гэрийнхээ хаяанд тавьчихаад өглөө сэрэхэд цөлмөчхөөд явчихсан байдаг байж. Ийнхүү Баянмөнх, баавгай хоёр хадлан бэлтгэх үеэр нэг тогооноос хооллож, нэг оронд орох нь холгүй аж төрсөн байна. Гэвч тус болсон биш ус болов гэгчээр гэрийг нь сүйтгэж, ахын сайхан сэтгэлд юм хийжээ. Гэр рүүгээ орохоор буусан Баянмөнх буцаад машинд үсрээд суучихлаа. Юу болов гэтэл “Нөгөөх чинь байх шиг байна аа. Айгаад дотогш орж чадсангүй” гэв. Жолооч сэмхэн бууж, гэрийн дотор талыг харав. Бид ч дотроо сэтгэл түгшсэн байдалтай. Учир нь жолооч машины түлхүүрээ аваад буучихсан. Баавгай гарч ирэхэд зугтаж чадахгүй бөөнөөрөө баавгайн идэш болоход ойрхон нөхцөлд байгаагаа бид ухаарав. Жолооч “Танайх ч авах юмгүй болжээ” гээд хөхрөв. Өнөөх гайхал ямар ч байсан явчихаж. Бидний дотор ч уужран машинаасаа бууцгаалаа. Хадлангийн гэрийн гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зураг биднийг угтлаа. Үүнийг харсан Баянмөнх “За цаашилъя. Маргааш л ирж янзалъя даа. Өө нээрээ манай нутгийн нэг залуу өглөө байшингийн цонхоо хагалуулж, гурил будаагаа цөлмүүлсэн гээд яриад явж байсан. Тэднийх рүү хөдлөх үү” гэлээ. Бид ч уухайн тас зөвшөөрөв.

ГЭР РҮҮ НЬ ДАЙРСАН БААВГАЙГ ШАРХДУУЛЖЭЭ

Бид уулын нарийн замаар хад, асга руу уначихгүй шиг явсаар. Учир нь замын хажуу руу нээх гүн урт жалга үзэгдэнэ. Хөвч тайга руу ороход зам улам л бартаа саадтай болов. Заримдаа машин хий эргээд зогсчихно. Гарч машинаа өргөж, түрэхдээ хүртэл баавгайд нухуулчих юм шиг мэдрэмж төрөөд тун чиг эвгүй. Тайгад нүүр нялхруулсан өтгөн манан буугаад хоножээ. Ойр хавьд юу байгаа нь мэдэгдэхгүй битүү суунаглачихсан, ямар ч салхигүй тогтуухан. Ийм өтгөн мананд тэмтрэн явсаар хашаанд тулан зогсов. Сайн харвал хашаан дотор дүнзэн байшин байгаа бололтой. Хашаанд нь цус, нөжний толбо үзэгдэв. Бид ч бууж гэрийн эзнийг дуудлаа. Тэгтэл хоёр сүрлэг том төвд банхар араа шүдээ яралзуулан давхиад ирэв. Нохойн дэл нэлээн ургаж, бүр л сүртэй харагдуулна. Тайгын хахир уур амьсгалд арга ч үгүй биз. Нүүр, болоод цээж хэсгээрээ хоёр нохой шархадсан нь бүр ч танхай харагдуулж байв. Яг л арслан мэт энэхүү сүрлэг араатныг эзэн нь ганц шүгэлдээд л номхруулчихав. Гэрийн эзнийг Улаанаа гэдэг юм байна. Баавгайнаас дутахгүй нүсэр том эр аж. Бүсэндээ хэт хутгатай, гамбиран малгай толгой дээрээ тохчихсон. Хурдан хурдан алхсаар ирээд “Өчигдөр ч сүрхий юм болоод өнгөрлөө. Цонхны шил хагалаад л толгой нь цухуйгаад ороод ирсэн” гээд нүдээ бүлтийлгээд нэлээн сандрангуй ярив. Баянмөнх “Чи жаахан тайвшир. Хашаанд чинь байгаа юун цус вэ” гэхэд “Баавгайн цус” хэмээн шулуухан хариулав. Үргэлжлүүлэн Улаанаа “Хоёр нохой маань баавгайн хөлнөөс зууж, татсан. Тэднийг хашаан дотор зодолдож байх үед нь би хэд хэд буудаж амжсан. Шархадсан баавгай хашаа даваад зугтсан даа” гэлээ. Хоёр нохойн нэг нь алгадуулж, нөгөө нь гэдсэндээ хүнд шарх авчээ. Бид “Баавгай зугтана гэж баймааргүй юм даа” гэтэл “Зугтсан үгүйг нь сайн мэдэхгүй юм. Гол руу урсаад алга болсон” гэлээ. Тэрээр мөн малын хорогдолтой байгаа аж. Хүрэн баавгай хоёр үнээг нь алчихаад явсан байжээ. Сэг зэмийг нь ойн гүн рүү оруулж хаясан ч өнөөх нь идээгүй гэнэ. Харин ч эсрэгээрээ гэр рүү нь дайрчээ. Нэг орой Улаанаа гэр рүүгээ мотоцикльтэй харьж явахад гэрэлд нь баавгай харагдсан байгаа юм. Тэгээд л модонд замхран алга болж. Тэдний гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй энэ амьтныг "таарсан газарт нь өчиггүй буудна" гэж тэрээр занав.

Баавгай бол холимог идэштэн. Нийт идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамлын гаралтай хүнсний зүйл бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн зун нийт нутгаар, ялангуяа хойд зүгийн нутгаар зуншлага оройтож, баавгайн иддэг ургамлууд тарчиг ургасан. Мөн хушны самар энэ жил бага гарсан зэрэг нь өлссөн баавгай ичээндээ орж чадалгүй идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирж буй хэмээн зарим судлаач үзэж байна. Баавгайн гол идэш самар. Самар бага хэмжээгээр ургасан жил л ингэж хорхойсож байгаа юм. Тиймээс л ингэж хаа сайгүй тэнэж, хүн амьтныг айлгаж ичээж явна даа.

Б.Амартүвшин

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
5
yay an post
2
sad an post
20
ouch an post
3
confuse an post
2
angry an post
6
609641
53 эможи

Зочин
2019-10-24 12:05
keyboard_arrow_up