Их хэмжээний өрөнд орж гэрээслэл бичиж амиа хорлохыг завдсан эхнэр, нөхөр хоёрыг шалгаж эхэлжээ
-35 НАСТАЙ Ү, А НАРЫГ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Дархан-Уул аймагт энэ сарын 17-ны өдөр их хэмжээний мөнгөний өрөнд орсон эхнэр нөхөр хоёр гэртээ гэрээслэл бичээд сураггүй алга болсон хэрэг гарсан. Ингэхдээ тэд 23 цагийн орчимд гэрээслэл бичиж үлдээгээд бага насны буюу 3-12 насны 4 хүүхдээ үлдээгээд гэрээсээ гараад ор сураггүй болсон байгаа юм.
Хамгийн анх эхнэрийн төрсөн ах нь гэрт нь ирж гэрээслэл бичиж үлдээснийг харж улмаар цагдаагийн байгууллагад “Манай төрсөн дүү нөхөр болох 35 настай А-тай өөрийн эзэмшлийн автомашинаа унаад гэрээсээ гараад сураггүй байна хэмээн дуудлага мэдээлэл өгчээ. Сураггүй болсон эхнэр, нөхөр хоёр гэрээслэлдээ “Бид их хэмжээний өрөнд орсон. Түүнийгээ төлж дийлэхгүй байдалд хүрсэн” гэх утга бүхий зүйлийг бичиж үлдээсэн байсан аж.
Мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шуурхай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 18-ны өдөр тус аймгийн Гурвансайхан гэх газраас эхнэр нөхрийг эсэн мэнд олсон байдаг.
Харин дээрх сураггүй алга болсон гэх нөхөр болох 35 настай А, эхнэр болох 35 настай Ү нар нь тус аймгийн 70 орчим иргэнээс залилан мэхэлж их хэмжээний мөнгөний өрөнд орсон байсан учраас ийнхүү амиа хорлохыг завдсан байна.
Их хэмжээний өрөнд орж улмаар амиа хорлохыг завдсан эхнэр, нөхөр хоёрыг Дархан-Уул аймгийн шалгаж эхэлсэн байна. Учир нь тэд бусдад их хэмжээний хохирол учруулж түүнийгээ төлж барагдуулахгүй байгаа юм байна.
У.УРАНЦЭЦЭГ