ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 10 сарын 20

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.10.14-2019.10.20/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Цагдаагийн байгууллагын алба хаагчид “хар тамхитай тэмцэх“ мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна

Arslan.mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон холбогдох албаны хүмүүс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаа болон Монгол улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага,  хэрэгжилтийн явц байдалтай танилцсан билээ. Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилга, санхүүжилтээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Оросын холбооны Улсын Дотоод хэргийн яамны харъяа хууль зүйн дээд сургуульд “Хар тамхи, мансууруулах бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх шинэлэг арга, аргачлал” сэдэвт мэргэшүүлэх сургалтад Хар тамхитай тэмцэх газрын болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 10 алба хаагч суралцаж байна.

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал Интерполоос эрэн сурвалжлагдаж буй иргэдтэй холбоотой мэдээллийг авах хүсэлт тавилаа

Arslan.mn

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган энэ сарын 15-аас 20-ны өдрүүдэд  Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо болж байна. Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Интерполын чуулганы эхний өдөр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал БНПУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна. Тэрээр мөн Интерполын ерөнхийлөгчтэй уулзаж хамтын ажиллагаа, хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцох тал дээр ярилцаж, санал солилцлоо.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас санаачлан “ГЭР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЛ“ аяныг эхлүүллээ

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас санаачлан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэмд нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Гэр дүүрэн инээмсэглэл” арга хэмжээг эхлүүлээд байна. Энэхүү арга хэмжээг СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн цагдагийн удирдах газар, дүүргийн ЗДТГ дэмжин ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд энэ сарын 17,18-ны өдрүүдэд  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд хуулийн байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах, байгууллага  хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн Прокурорын газар, дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс болон бусад байгууллагууд оролцсон бөгөөд хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, шалгах, хуулийн хүрээнд шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 Бид нийгмийн аль ч давхаргад амьдарч болно, гэхдээ хүчирхийлэлгүй амьдрах нь чухал байна

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн хэмжээнд хуулийн байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах, байгууллага  хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул хэлэхдээ "...Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 2273 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 2265 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг үйлдэгдсэн ба өнгөрсөн 9 дүгээр сард хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 2019 оны хувьд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас бүх дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тогтмол идэвхтэй ажилласны үр дүнд далд байсан хүчирхийллийг ил болгож, хаалттай хаалгыг нээж чадсан. Харин одоо бид дахин давтагдахгүй байх, урьдчилан сэргийлэх, давтан хохирогч болгохгүй байх тал дээр анхаарч байна. Энэ хүрээнд бид Сүхбаатар дүүргийнхээ хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж, хэргийн золиос болоод байгаа хүүхдийг хамгаалах, холбогдох асуудлыг нь чиглэлийн байгууллагуудтай нь хамтран шийдэх  ажлууд хийгдсээр байгаа. Хүүхэд хамгийн ихээр хохирч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тиймээс манай цагдаагийн газраас санаачлан “Гэр дүүрэн инээмсэглэл” арга хэмжээг эхлүүллээ. Бид нийгмийн аль ч давхаргад амьдарч болно, гэхдээ хүчирхийлэлгүй амьдаря гэсэн гол зорилготой..." гэлээ.

Б.Баатархүү: “Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо“ гэх мэдээлэл худал

Arslan.mnЦагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн талаар тайлбар өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна. ЦЕГ-ын зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллана. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна. Мөн олон нийтийн сүлжээнд "Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ" гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өглөөнөөс эхлүүлэх ажиллалаа. Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна." гэлээ. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа байгууллагууд цахилгаан халаалтад бүрэн шилжлээ

Arslan.mn

Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолийг гаргасан билээ. Энэ тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын  харьяа газар, хэсгийн ашиглаж байсан уурын зуух, нам даралтын тогоо, пийшингийн халаалтыг цахилгаан зуухаар халаах асуудлыг дээд шатны байгууллагуудад албан хүсэлт хүргүүлж  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын А/39 дүгээр тушаалаар таван гишүүний бүрэлдэхүүнтэй “Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагаа”-ыг зохион байгуулж,  2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 01-ний хооронд шалгарсан байгууллагын гүйцэтгэсэн цахилгаан зуухыг  ашиглалтад орууллаа.

А.Түвшинбаяр: Улсын онц чухал объектод гарсан зөрчилгүй тайван байвал тэр хамгийн том гавьяа юм

Arslan.mnЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн алба хаагч А.Түвшинбаяртай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Арван нэгэн жил ажиллахдаа 05 дугаар ангийнхаа бүх л харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Улсын онц чухал объектод жижиг, том гэлтгүй цөөнгүй зөрчил гардаг. Харуулчин тухайн үед сонор сэрэмж алдаж, хариуцлагагүй ажилласан бол бага зөрчил гэлтгүй гарах эрсдэл маш өндөр байдаг. Миний хувьд ажиллах хугацаандаа 500-600 орчим зөрчил илрүүлж байсан. Харуулд гарчихаад дараагийнхаа ээлжинд ажлаа хүлээлгэж өгөхөд улсын онц чухал  объектод гарсан зөрчилгүй, тайван байвал тэр хамгийн том гавьяа байдаг. Бид халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй стандартад заасан журмын дагуу үүрэг гүйцэтгэдэг..." гэлээ. 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шинэ байртай боллоо

Arslan.mn

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2019 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-нд туссан худалдан авах ажиллагааг зохион байгуулах захиалагчийн эрхийг төсвийн төвлөрүүлэн, шууд захирагч нарт шилжүүлж төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт шилжүүлсэн. “Бат-Угсралт констракшн” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр конторын байрны шавыг тавьж ажлыг эхлүүлэн, 3 давхар 1750 м2  барилгыг барьж дуусган 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө. Ийнхүү Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын шинэ байр ашиглалтад орлоо.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны VIII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, шагнаж урамшуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа /2019.10.15/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д боллоо. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, мөн албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Цэрэнпунцаг нар оролцлоо.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй ажилласан байгууллагуудыг ШАГНАЛАА

Arslan.mnЦагдаагийн байгууллага, “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг энэ онд зохион байгуулж байна. Дээрх “Санамж бичиг”-ийн хүрээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах, олж тогтоох, хурд хэтрүүлэх зөрчил, татвар даатгал, оношлогоонд хамрагдсан эсэхийг хянаж, илэрсэн зөрчилд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийг арилгуулан, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ашиглах боломжтой иж бүрэн хяналтын системийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд сум дахь замын цагдаагийн постуудад хийсэн.

“Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх практик” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран  "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын галт зэвсэг, хийн буу, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий болон бусад тусгай хэрэгсэл хэрэглэх практик” сэдэвт сургалтыг өнөөдөр /2019.10.18/ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад анги байгууллага, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн 24 газар, хэлтсийн 50 алба хаагч хамрагдаж байна.

Түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авч ажиллаа. Тус хэлтсээс Монгол Улсын  Засгийн Газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор хориглосон бүсэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ажуй нэгж,  байгууллагын түүхий нүүрсний татан авалтад хяналт тавьж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ө.Лхагвабаяр: Эрэн хайх ажиллагаа явуулсан ч 19 хүүхэд олдоогүй байна

Arslan.mn 

ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай бага насны хүүхэд алга болсон гэх асуудлаар болон Улсын хэмжээнд эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байгаа бага насны хүүхдүүдийн тухай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Энэ иргэдийн дундах ойлголт нь их өрөөсгөл юм. Учир нь “бага насны хүүхэд сураггүй алга боллоо” гэх мэдээллийн цаана янз бүрийн шалтгаан, нөхцөл байдаг. 2019 он гарсаар нийтдээ 830 хүүхэд эрэн сурвалжлагдсан байна. Харин үүнээс 6-17 насны 19 хүүхэд олдоогүй байгаа. Сураггүй алга болсноос хойш одоог хүртэл олдоогүй байгаа хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна. Цахим орчинд тавигдсан хүүхэдтэй холбоотой мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллагаас шуурхай шалгадаг. Тухайн мэдээллийг худал байсныг тогтоох юм бол ХМТ-өөр дамжуулан нийтэд мэдээлэл хүргүүлдэг. Бага насны хүүхэд гэртээ ирэхгүй, сураггүй алга болсон гэх мэдээллийн ард олон шалтгаан бий гэж дээр би дурьдсан. Тухайлбал, ангийн болон ойр дотны найз нөхдөөрөө нийлж цахим тоглоом тоглох, гэртээ очих сонирхолгүй, гэрээсээ дайжсан, гадуур дэмий тэнэх сонирхолтой хүүхдүүд ч байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс үүдэн гэрээсээ зугтаад явсан хүүхэд ч бий. Мөн сургуулиасаа орой гараад харих замдаа төөрөх ч тохиолдол байна. Түүнлэн бусдад уруу татагдаж гэмт хэргийн үйлдэл гаргах, амар хялбар аргаар мөнгө олж цахим тоглоом тоглох гэж хүн дээрэмдэх, залилах гэмт хэрэг үйлдэх зэрэг үйлдлүүд ч гаргадаг байгаа. Зарим тохиолдолд бага насны хүүхэд гэрийнхээ болон сургуулийнхаа ойр орчмоос алга болсон тохиолдол ч бүртгэгддэг. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Алга болсон хүүхдийн тухай мэдээллийг ар гэрийхний зүгээс цаг алдаж мэдээлдэг. Учир нь өөрсдөө эрэн хайж олдохгүй байгаа үедээ л цагдаад мэдээлдэг. Ингэх нь хүүхэд олох цаг хугацааг хойшлуулаад байгаа хэрэг." гэлээ.

НЦГ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг аюулгүй ажиллах арга барилд сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох, осол эндэгдэлгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх, шинэ мэдээлэл дамжуулах, холбогдох мэдлэгийг бататгах, чадвар дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тус газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн Аж, ахуйн тасгийн алба хаагч, ажилтан, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг байцаагч-хүний их эмч, сувилагч болон харьяа дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсийн ажилтан нарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Орон нутгийн замд дундаж хурдыг тооцдог систем ажиллаж эхэллээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Говьсүмбэр аймгаас Дорноговь, Улаанбаатар хотын чиглэлд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашиныг бүртгэх камерын хяналтын системийг ашиглалтад орууллаа. Манай улсад жил бүр 1200 орчим зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж, 500 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн хүнд буюу хүндэвтэр хэлбэрээр гэмтэж, бэртдэг. Үүний  60 гаруй хувь нь хот хоорондын буюу олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай зам дээр үйлдэгдэг. Уг зөрчлийг бууруулж, хяналт тавих үүднээс Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн байнгын пост дээр орон нутгийн замд ашиглагдах тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын мэдээллийн систем ашиглалтад орууллаа.

ЦЕГ-ийн Хэрэг бүртгэх алба “Хүүхдэд туслая” аян зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “PC mall” компани нь агаар цэвэршүүлэгчийн AIR PRO брэндээр хамтран ажиллаж, Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд туслая” сайн үйлсийн аян г амжилттай зохион байгуулж дууслаа. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл өгч, хамтран ажилласан “РС mall”, асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд бүтээгдэхүүний дээжээр бэлэг барин сэтгэлийн дэм өглөө. Сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, алба хаагч, ажилтнуудад баярласан, талархсанаа илэрхийлэн тус төвийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлсэн юм.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар албаны бэлтгэлийн ТАНХИМТАЙ боллоо

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, албаны спортыг хөгжүүлж, албаны бэлтгэлийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар “Албаны бэлтгэлийн танхим”-ыг барих ажлыг зохион байгуулж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэхүү “Албаны бэлтгэлийн танхим” нь орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд анх удаа баригдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609456
0 эможи

Зочин
2019-10-20 14:18
keyboard_arrow_up