Архидан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ.
Хэргийг тодруулбал, Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байжээ. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас өөрийн төрсөн охиндоо хайхрамжгүй хандаж асран хамгаалах үүргээ биелүүлээгүй аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгууль ногдуулжээ.