Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.02/ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн болон Цагдаагийн ерөнхий газрын 58 ахмад ажилтнууд оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нийт ахмадууддаа хандан үг хэллээ:

Өмнөх үеийн түүхийг бүтээлцэж, бид бүхний өмөг түшиг болж, цагдаагийн байгууллагын хөгжил, дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхнийхээ амар амгалан айлтгая. Цагдаагийн төв байгууллагын ахмадууд Та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон улсын болон Монголын ахмадын өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын цагдаагийн байгууллагын арвин баялаг түүхэн замнал, он цагийн хүрдэнд нэр төр, алдар гавьяа, ажил үйлсээрээ хойч үедээ мөнхөд дуурсагдаж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн дарга, удирдлага, ахмад ажилтнуудаараа бид цаг үргэлж бахархдаг билээ.

Энэ онд цагдаагийн байгууллагын ахмад ажилтнуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн “Соёлын гавьяат зүтгэлтэн”, цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэг цагдаагийн анхны эмэгтэй “Гавьяат хуульч” цолоор шагнагдсаныг Та бүхэндээ сонордуулахад таатай байна.

Мөн энэ онд төрийн одон медалиар 10, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 1, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 31 ахмад ажилтныг шагнаж, 4308 ахмад ажилтанд тусламж үзүүлэн, “Сүүж-Уул” нөхөн сэргээх амралт, сувилалд 10 ахмад ажилтныг үнэгүй, 159 ахмад ажилтныг хөнгөлөлттэй үнээр тус тус амраасан. Түүнчлэн 29 ахмад ажилтныг цагдаагийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулж, залуу хойч үеийг сургаж дадлагажуулах, уламжлал ёс жаягийг өвлүүлэх зэргээр ахмад-залуу үеийн холбоог улам бэхжүүлж байна.

Цагдаагийн байгуулагын тугийн дор нэгэн бүл болж, төр, ард түмэн, байгууллагынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, амьдралаа зориулж ирсэн, одоо ч сэтгэл зүрхээрээ хамтдаа байдаг Та бүхэндээ талархаж явдагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид бидэнтэй хамтран илүү ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийхээ үйл хэргийг залгамжлан хөгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, төр, ард түмнийхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалж ажиллахын төлөө бид зүтгэж ажиллах болно.

Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань тэмдэглэлт өдрийн халуун мэндийг дахин хүргэж, энх тунх, эрч хүчтэй байж, хойч үе бидэндээ үнэт сургаалаа хайрлаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж байхыг хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608785
0 эможи

Зочин
2019-10-02 23:21
Зочин
2019-10-02 19:04
keyboard_arrow_up