ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.09.23-2019.09.29/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Цагдаагийн Ерөнхий Газар ОУ-ын ИНТЕРПОЛ-ын байгууллагатай нягт хамтран АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Олон Улсын Интерполын байгууллагатай олон талаар хамтран ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий Газраас энэ чиглэлийн Олон Улсын байгууллагуудтай дараах томоохон ажил хэргийн уулзалтуудыг хийж, Монголдоо анх удаа үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулаад байна. Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгуулага - Интерполтой хамтран “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Монгол Улс Интерполын гишүүн 194 орны нэг юм. Энэ хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага - Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа.
“Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Уулзалтад цагдаагийн байгууллагын чиглэл хариуцсан алба хаагчдаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг төрийн холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд уригдан оролцлоо.
Л.АМАРМӨРӨН: Хамгийн хайртай хүмүүсийнхээ хүчирхийллийг харж байгаа ХҮҮХЭД л хамгийн том ХОХИРОГЧ
Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл гэж яг юу болох талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Нийслэл хотод энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 403 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноосоо 0,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 3931 зөрчил бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэсээ 66 хувиар өссөн. Нийслэл хотод эхний 8 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 39189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хоногийн хувьд авч үзвэл 130-150 дуудлага мэдээлэл ирдэг. Цагдаагийн байгууллагаас энэ дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийж олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээрт хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлдэг мөн иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгддэг. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэг бүрт дүн шинжилгээ хийж шийдвэрлэлтэд анхаарч ажилласнаар энэ оны эхний 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3842 этгээдийг шүүхээс 7-30 хоног баривчлах шийдвэр гарсан нь өмнөх оны мөн үеэсээ хоёр дахин өссөн. Энэ нь цагдаагийн байгууллага, шүүх, прокурорын байгууллагын хоорондын хамтын ажиллагаа болон иргэдийн хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой..." гэлээ.
Б.Баатархүү: Цагдаа хүний аминд хүрсэн эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн насбарсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээ Улаанбаатар хотод хийгдэнэ. Тиймээс амь нас хохирсон шалтгааныг тайлбарлах боломжгүй. Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах үед мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн байна. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана." гэв.
ЦЕГ-ын дараагийн акц: “ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ” аяныг эхлүүлж байна
ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгээ албаны хүмүүс хэлэв. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна. Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан. Тэгвэл энэ удаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Оюутолгой” ХХК хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулна.
Эмзэг цэгүүдэд нуугдсан хууль бус үйлдлүүдийг илрүүлэв
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа, Хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт эмзэг цэгүүдэд нуугдсан хууль бус үйлдлүүдийг илрүүлж таслан зогсоов. Эмзэг цэг хэмээн нэрийдсэний учир нь Баянгол дүүрэг нь баар цэнгээний газар ихтэй тул шөнө дөл болсон ч хөлчүүрхэж агсамнасан иргэдийн хөл хөдөлгөөн цөөрөхгүй үүр цайлгадаг байна. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцдог. Мөн хууль бусаар биеэ үнэлэх, зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчинд иргэдэд архи согтууруулах ундааны зүйлийг ямар ч хяналтгүйгээр худалдаалснаар олон гэмт хэрэг гарч олон хүний амь нас эрсдэх аюултай цэгүүдийг ийн нэрлэжээ. Цагдаагийн байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудад тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Цахим тоглоомын газруудад шалгалт хийлээ
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгууллаа. Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлж байна. Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт МУ-ын Засгийн газрын 410 дугаар тогтоол “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандарт, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо.
Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ: Дүрмээр соёлыг тогтоож зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье
Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор "Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ" аяныг эхлүүлээд байна. Тус аяныг ЗТХЯ, НЗДТГ, "Оюутолгой" ХК дэмжин ажиллаж байна.
ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ иргэдийн ТООЛЛОГО улсын хэмжээнд эхэллээ
Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна. Өмнөх 3 жилийн тооллогын дүнг Монгол Улсын хэмжээнд авч үзвэл 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 70.6 хувь, 2017 онд 78.1 хувь, 2018 онд 94.7 хувьтай дүгнэгдэж жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэн таны үүрэг, оролцоо чухал гэдгийг харуулж байна. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.
ОУХМ, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга “Токио-2020“ олимпийн анхны эрхийг авчирлаа
"Хүч" спорт хорооны тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Тулга Нур-Султаны Дэлхийн аврага шалгаруулэх тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, 2019 оны Монгол Улсын аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга Нур-Султаны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ийнхүү шагналт тавдугаар байрт орлоо.
“Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” зөвлөгөөнийг зохион байгууллаа
Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, аюултай бүс болон гарамд бүртгэгдсэн осол, зөрчлийг бууруулах таслан зогсоох зорилгоор “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” зөвлөгөөнийг 2019.09.24-ний өдөр Төмөр зам дахь цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, удирдлагууд мөн дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчид, Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн прокурор, Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын алба, Улаанбаатар төмөр замын Онцгой байдал, цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож тулгамдаж буй асуудлын хүрээнд ярилцсан юм.
Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү нохойн үүрүүдийг хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдлыг ханган эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан зохих стандартын дагуу хийж байна.
Мөрдөн байцаах албанаас “Үргэлж таньтай хамт өдөрлөг“-ийг зохион байгууллаа
Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ЦБҮАЖ-ын код 940-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн бие бүрэлдэхүүний ажлын стресс, алжаалыг тайлах, алба хаагчдын албандаа хандах эерэг хандлага, бахархлыг нэмэгдүүлэх, оюуны соёл, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд "Үргэлж таньтай хамт өдөрлөг"-ийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөрдөн байцаах алба, Сүлд чууулгатай хамтран зохион байгууллаа.
Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургагч багш нар “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт“-ын “Хууль, эрх зүйн үндэс” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа найман дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс болон орон нутгийн 29 цагдаагийн газар, хэлтсийн 2549 алба хаагчдыг хамруулсан нь үр дүнгээ өгсөн юм. Энэ удаа Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газартай хамтран тус цагдаагийн газрын 95 алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам /дадлага/”, “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” сэдэвт сургалтуудыг 2019 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулан “Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилтай зохион байгуулж, аваргуудаа тордууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсноороо онцлогтой байв. Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна. Тэргүүн байранд Тээврийн цагдаагийн алба шалгарч шилжин явах цом алтан медалийн эзнээр тодорч, дэд байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги мөнгөн медаль, өргөмжлөл, гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги шалгарч хүрэл медаль, мөнгөн шагнал хүртсэн юм.
Хууль зөрчсөн бар, ресторан, саун массажны газруудад арга хэмжээ авч байна
ЦЕГ-ын Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас дүүргүүдэд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа билээ. Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс шөнийн хяналт шалгалтыг тасралтгүй явуулж байна. Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 15 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад үйлчилгээний ажилчид нь биеэ үнэлдэг болохыг тогтоож, материалжуулан шалгаж байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39 дүгээр байрны өргөтгөл, Баянгол дүүргийн “Хаш чулуун” саун, “Нобел” саун, “Кровн” баар, “Боржигон” зэрэг газруудад хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлэн шалгаж арга хэмжээ авсан байна. Цаашид хуулийн дагуу шаардлага биелүүлээгүй газруудад үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.
Цагдаагийн байгууллага: асуултанд хариулья
Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ асуултанд шуурхай хариулж, хуулийн дагуу авах арга хэмжээг цувралаар танилцуулж байна. Иргэдийн дунд тулгамдаж буй нийтлэг асуудалд хариулж, шуурхай ажиллаж байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн газар : гэмт хэрэг 24.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид, хамт олон нь иргэд байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээлэл нэг бүрт хүрч, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр шүүх, прокурорын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж энэ оны эхний 9 сард гудамж талбай, олон нийтийн газарт архидан согтуурч танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1502 иргэний үйлдлийг тухайн өдөрт нь материалжуулж, хохирогчийн аюулгүй байдлыг ханган прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлэн шийдвэр гаргуулсан нь гэмт хэрэг зөрчлийг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн байна. Үүний үр дүнд тус дүүргийн хэмжээнд дуудлага мэдээлэл 100 буюу -4 хувиар, гэмт хэрэг 1612 буюу -24,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн алба хаагчдынхаа ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил үр дүнгээ өгчээ.