Б.Баатархүү: Цагдаа хүний аминд хүрсэн эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Энэ сарын 23-ны өдөр Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт хүн насбарсан тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Юуны өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээ Улаанбаатар хотод хийгдэнэ. Тиймээс амь нас хохирсон шалтгааныг тайлбарлах боломжгүй.
Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлэгт 2019.09.23-ны өдөр 19.40 цагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 62 настай Г нас барсан байсан.
Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед болсон явдлын талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ цагдаагийн эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй учраас зөрүүтэй тайлбарууд хийсэн байна гэж үзэжн юу болсон талаар товчхон мэдээлэл өгөх нь зөв байх.
Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутагт гар хөл нь цус болсон хүн дэлгүүрийн үүдэнд орилж, хашхирсан байдалтай харагдсан.
Улмаар цагдаагийн хоёр алба хаагч очиж шалгахад Г гэгч иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогодсон. Гар, хөл нь цус болсон нь үхэр гаргачихаад ажилчдынхаа хоолыг бэлтгэхээр явж байсантай холбоотой байсан.
Цагдаагийн алба хаагчид тухайн иргэнийг авч яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр нь шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэн байна. Цагдаагийн хэлтэс рүү авч явах үед мөн эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэг рүү хүргэж өгсөн байна. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Задлан шинжилгээний хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно.
Хоёр цагдаа хаячихаад зугтсан гэх асуудал яригдсан. Үүнийг тодруулахад тухайн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэхэд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан асуудал байгаа. Цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүнийг шалгана." гэв.