СУРВАЛЖИЛГА: Эмзэг цэгүүдэд нуугдсан хууль бус үйлдлүүдийг илрүүлэв
Өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа, Хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт эмзэг цэгүүдэд нуугдсан хууль бус үйлдлүүдийг илрүүлж таслан зогсоов. Эмзэг цэг хэмээн нэрийдсэний учир нь Баянгол дүүрэг нь баар цэнгээний газар ихтэй тул шөнө дөл болсон ч хөлчүүрхэж агсамнасан иргэдийн хөл хөдөлгөөн цөөрөхгүй үүр цайлгадаг байна. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцдог. Мөн хууль бусаар биеэ үнэлэх, зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчинд иргэдэд архи согтууруулах ундааны зүйлийг ямар ч хяналтгүйгээр худалдаалснаар олон гэмт хэрэг гарч олон хүний амь нас эрсдэх аюултай цэгүүдийг ийн нэрлэжээ. Архи согууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулахаас эхлээд хүний амь нас хэрцгийгээр бүрэлгэх, харанхуй гудамжинд гэртээ орох гэж яваа айлын бяцхан охидыг хүчиндэж бэлгийн дур хүслээ хангах, хутга тулган бусдын эд зүйлийг дээрэмдэн архины мөнгөтэйгээ золгох гэгчлэн олон төрлийн тоолоод барашгүй гэмт хэргүүд баасан гарагийн үдэш бүр хэдэн зуугаараа гардаг аж.
-СОГТУУГААР ЖОЛООНЫ АРД СУУСАН БОЛ ТА ХУТГА БАРИН ЭНГИЙН ИРГЭД РҮҮ ДАЙРЧ БУЙТАЙ АДИЛ-
Манай сайтын сурвалжлах баг дээрх газруудын эрх бүхий алба хаагчидтай тусгай сурвалжлага бэлгэлээ. Бид оройн 22 цагт хамгийн их осол аваар гардаг эмзэг цэгүүдийн нэг болох Зурагт чиглэлийн замд алба хаагчидтай хамт зам дээр зогссон юм. Энэ үеэр 30 хан минутын дотор 12 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг илрүүлсэн билээ. Замын цагдаагийн алба хаагчид дээрх чиглэлд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг зогсоон автомашины багаж зорчигчид болон бичиг баримт, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа эсэхэд нь нэг бүрчлэн хяналт шалгалт хийсэн.
Гэтэл 30хан минутад хориотой ангийн мах тээвэрлэсэн зөрчил нэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч нар 8, үнэмлэх бичиг баримтгүй жолооч нар 20, зориулалтын бусаар буюу хориглосон заалтаар тээврийн хэрэгслээ спорт загварын болгон хууль бусаар тоноглосон зөрчил 4 зөрчил тус тус илрүүлсэн юм.
Хамгийн ноцтой нь 30 хан минутын дотор бүхэл бүтэн 12 согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаатай таарав. Дээрх согтуу жолооч нар хөлчүүрхсэн үедээ машинаа унаад дахин согтууруулах ундааны зүйл худалдан авахаар гэрээсээ гарч явахтай нь замын цагдаа нар таарч таслан зогсоон тээврийн хэрэгсэол жолоодох нь битгий хэл биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон иргэдтэй ч бид таарсан билээ. Тэднийг замын цагдаагийн алба хаагчид шууд таслан зогсоож улмаар тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийхээр ачиж жолоочдыг нь эрүүлжүүлэх байр луу авч явсан билээ.
Хэрэв согтуу автомашин барьсан жолооч нарыг замын цагдаа нар илрүүлэн таслан зогсоож арга хэмжээ аваагүй байсан бол хөлчүүрхсэн жолооч нар хэн нэгний гэр бүлийн хайртай хүнийг амь насыг бүрэлгээд зогсохгүй өөрийнхөө амь насыг ч алдах аюултайг тэд мэдсээр байж согтуугаар жолоо барьсаар л байна.
Согтуу жолооч нарыг зогсоож ямар эрсдэл учирч болохыг мэдэж байгаа эсэхийг лавлахад бүгд л мэдэж байна гэж хариулах хэдий ч үнэн хэрэг дээрээ дахин согтуурахын тулд жолооны хүрдний ард суусан байгаа юм.
-ШӨНИЙН ЦАГААР МАШИН ДОТОР АРХИДАЖ БУЙ ЦЭЛ ЗАЛУУХАН АРХИЧИН ОХИД-
Мөн энэ үеэр тээврийн хэрэгсэл дотор 17-18 насны хэсэг бүлэг охид архидан согтуурч байгааг илрүүлсэн. Харин тэд ажил үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид руу бүдүүлгээр шүлсээ үсчүүлэн дайрч хэл амаар доромжилж харагдав. Тэднийг замын цагдаагийн алба хаагчид бичиг баримтаа шалгуухыг хүссэн боловч үл тоон “та нар тэр замын хөдөлгөөнөө зохицуул бид нар мөрөөрөө ууж байна. бид нар ууж идэх хүний эрхийн асуудал” хэмээн тайлбарлаж байлаа. Түүнчлэн тэд утсаараа хүн рүү залгаж, цагдаа нарыг зохицуулж өгөхийг хүсэж байлаа. Идэр залуухан охид архи сэнгэнүүлэн цагдаа нар луу үсчин дайрах явдал өдөр бүр гардаг тухай алба хаагчид хэлж байв.
Ингээд бид цааш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэргэдэх Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өглөө. Харин тус Эрүүлжүүлэх байранд шөнийн 12:40 цагийн үед л гэхэд 30 биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтсон иргэдээр дүүрсэн байсан билээ.
-МӨНГӨНИЙ ҮНЭРЭЭР ГАДААД ИРГЭДЭД БИЕЭ ҮНЭЛЭХЭЭР ИРСЭН МОНГОЛ ОХИД-
Бид цааш зөрчил илрүүлэхээр алба хаагчидтай явж байх зуур “БНСУ-ын бүлэг этгээдүүд насанд хүрээгүй охидтой зугаацаж байна” гэх мэдээллийн дагуу модны хоёрт байрлах White house зочид буудлыг зорилоо.
Тийш цагдаагийн алба хаагчид болон сэтгүүлчид зураглаач нар хамт орохоор очив. Харин гадна хаалгаа бүгдийг нь хааж дотогш ороход нэг давхар ямар ч хүнгүй харин доошоо олон давхар болгон нарийн олон хонгил бүрийг караоке өрөө болгон тохижуулжээ. Биднийг орох үеэр тухайн буудал тэр чигтээ цахилгаанаа тасалж өрөө бүрийг шалгаж байх хойгуур ууж байсан зүйлээ үлдээн Солонгос иргэд зугтаж амжсан байв.
Харин зочид буудлын нэгэн өрөөнд насанд хүрээгүй 3 охин 5 Солонгос иргэдэд хууль бусаар биеэ үнэлж байгаа зөрчлийг илрүүлсэн юм. Биднийг дүрс бичлэг бичихээр орох үед бүгд нүүрээ нууж, зарим Солонгос иргэд тагтнаас доош үсэрч зугтав.
Харин Монгол насанд хүрээгүй охидоос яагаад биеэ үнэлэх болсон бэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултанд тэдний нэг нь “Монгол өдрийн 50 мянган төгрөгийн ажил байна уу?. Байхгүй шүү дээ. Бид эд нартай унтаад 250 мянган төгрөг авдаг юм” хэмээн уцаарлангуй хариулж байлаа.
Тэдний байршсан өрөөний ширээн дээр Солонгос архи эгнүүлэн өрсөн, архидан согтуурч ээлж дараалан Монгол охидтой зугаацаж байсан дүрс зураг бидний өмнө ил харагдаж байв. Тус үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож тухайн буудалд байсан бүх зөрчил дээр бүртгэлийн хэрэг нээж буудлын ажилтан болон биеэ үнэлж байсан Монгол охид, зугаацаж байсан Солонгос иргэдийн хамтаар баривчлан хэлтсийн зүг авч явлаа.
Баасан гараг гэх өдөр гадуур зугаалан архидаж буй иргэдийн 80 орчим хувь нь 18-25 насныхан байгаа нь дэндүү харамсалтай дүр зураг үзэгдэх аж. Тэд цагдаагийн алба хаагчдын үгийг үл тоон архидан танхайрч биеэ үнэлэх нь хүний эрх хэмээн шүлсээ үсчүүлэн ярьж байгаа дүр зураг алхам бүрт таарч байв. Харин тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авахаар цагдаагийн алба хаагчид үлдэж бид гэрийн зүг явахаар гарч ирэхэд шөнийн 02 цаг хэдийнэ өнгөрсөн байсан бөгөөд гудамжинд иргэдийн хөл хөдөлгөөн дундрах нь битгий хэл жинхэнэ утгаараа ундарж байсан билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|