ШӨХТГ: Зөвшөөрөлгүй, өртэй конторууд дулаанаа өгөхгүй байна
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт иргэдээс ирсэн гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Гомдлын агуулгын авч үзвэл хэрэглээний усны үнэ тариф нэмэгдсэн ба орон сууцны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ус, суурь хураамжны үнийг нэмж тооцож байна. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд халаалтаа өгөхгүй болон цахилгаанаа хязгаарлаж, ус, цахилгааны төлбөрөө цагт нь төлж байхад үйлчилгээ бүрэн үзүүлдэггүй байна гэсэн гомдлууд их ирсэн.
Тусгай зөвшөөрөлгүй компаниудын хувьд өр төлбөр үүсгэсэн, чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг. Тэгсэн хэрнэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нөхцөл байдалтайгаар нийт хэрэглэгчдийг хохироож байна.
Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой. Гэтэл зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байна. Учир нь тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй байгууллагууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой байна.
Тиймээс ШӨХТГ-аас улсын байцаагчийн албан шаардлагыг өр төлбөр үүсгэж, хэрэглэгчдийг хохироосон “Ган инженер”, “Бадамлах нар” гэх тусгай зөвшөөрөлтэй компанид тус тус хүргүүлж байна." гэв.