ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.08.19-2019.08.25/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчид хүндэтгэл үзүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа И.Батчулуун Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албанд “Цагдаагийн зөвлөх”-өөр томилогдсон юм. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд “Үдэн гаргах, хүндэтгэл үзүүлэх” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ
БНХАУ-ын Чендү хотноо энэ сарын 8-18-нд болж буй "Цагдаа болон гал сөнөөгчдийн спортын дэлхийн наадам"-ын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан тамирчин дөрвөн алтан, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, Төмөр Замын цагдаагийн газрын алба хаагч МУГТ О.Насанбурмаа 75кг-д, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125кг-д, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагч МУГТ Г.Эрдэнэбаяр 86кг-д, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Х.Нямдорж 70кг-д тус тус алтан медаль хүртсэн байна. Харин Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Б.Төмөрбаатар 74кг-д, Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтсийн алба хаагч Н.Ганзориг 125кг-д мөнгөн медаль хүртжээ. Энэ жилийн наадамд цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, жиу-жицү зэрэг спортын 9 төрөлд хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Тэмцээнд оролцох багийг ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дарга, хурандаа Д.Батмөнх ахлаж байна.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж орон нутгийн замд хяналт, шалгалт хийж тогтмол хийж байна
Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол зөрчлийг бууруулах үүднээс ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албанаас хөдөө орон нутгийн замд хяналт шалгалт тогтмол хийж ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлчдийн багтай хамтран Багануур, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймагт ажиллаж, хөдөө орон нутгийн зам тээврийн нөхцөл байдлыг газар дээрээс нь танилцуулсан байна. Жолоочид ихэвчлэн шөнийн замд гэрлээ шилжүүлэхгүй, хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэн аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчныг хязгаарласан хөдөлгөөний дүрэмд хориглосон урд талын шилэнд наасан тен, том оврын машинд хүнд даацын ачааг бэхэлгээ муутай тээврлэсэн гэх зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан аж.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг сургалтад хамрууллаа
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн удирдлагын санаачлагаар “Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-ний үндсэн үүрэг, үүрэг гүйцэтгэлт” сэдэвт сургалт зохион байгуулсан. Тус сургалтыг Гана улсын Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй хамтран зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулжээ. Сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэглэсэн цагдаагийн ротын үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт, НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчин илгээх эрх зүйн үндэс, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, үүрэг гүйцэтгэлтийн үед тулгардаг асуудлууд зэрэг сэдвээр хоёр цагийн танхимын хичээлийг Гана улсын сургагч нар орсон. Харин сургалтын хоёр, гурав дахь өдөр Дотоодын дүрвэгсдийн хуаранд Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй өдөр, шөнийн эргүүлийг хамтран зохион байгуулж багагүй дадлага туршлагыг хуримтлуулсан аж.
ЦЕГ-ын баг тамирчид хөлбөмбөгийн АВАРГА ШАЛГАРУУЛ тэмцээнд оролцлоо
Мобиком корпорацийн нэрэмжит харилцагч байгууллага хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид амжилттай оролцож 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
СБД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид алга болсон 14 настай охиныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө
Сүхбаатар дүүрэгт оршин суух 14 настай "З" гэх охин алга болсон гэх дуудлага, мэдээллийн мөрөөр тус дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярбаатар, Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Даваахүү нар шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө. Охины гэр бүлээс цагдаагийн байгууллага болон дээрх алба хаагчдад баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Э.Бөхбат: Борооны улмаас нийт 104 зам эвдэрч, нүх сүв үүссэн
Сүүлийн үед Улаанбаатар хотод орсон үргэлжилсэн борооны улмаас зарим газар зам эвдэрч, нүх үүсээд байгаа билээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат " Замын хөдөлгөөний осол, хэрэг нь жолооч нарын сахилга хариуцлага, тээврийн хэрэгслийн насжилт, эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ болон замын ачаалал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн байгалийн хүчин зүйлээс ч шалтгаалах тохиолдол бий. Тухайлбал, зун бороо их орсны улмаас зам эвдрэх, өвөл цас их орсны улмаас халтиргаа, гулгаа үүсдэг. Сүүлийн үед нийслэлд их хэмжээний бороо орсны улмаас Нарны зам, Үйлдвэр комбинат, 3, 4 дүгээр хороолол, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх зэрэг газруудад нийт 104 зам эвдэрч, нүх сүв үүссэн. Эдгээр нүх сүв нь замын хөдөлгөөнд саад учруулж байна. Тиймээс замын эвдрэл гэмтээс шалтгаалж зам тээврийн ослын тоо нэмэгдэх нөхцөл байдал үүссэн." гэв.
Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Б.Болороогийн гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэг олон хүнийг эмзэглүүлж, цагдаагийн байгууллагын хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал ч хөндөгдөх болсон. Тиймээс Б.Болороо бүсгүйн нөхрийн амиа алдсан хэрэгт ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулж, хариуцлагагүй хандсан дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ. Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм.
СХД дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс “Зөөврийн хяналтын цэг” байгууллаа
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ 15 дугаар хороо 19 дүгээр байрны автобусны буудлын орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ. Энэхүү “Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар, дуудлага мэдээлэл 44 хувиар тус тус буурч тухайн нутаг, дэвсгэрийн эргүүлийн болон хэв журмын нөхцөл байдалд эерэг үзүүлэлт гарсан байна.
Цагдаагийн 3 алба хаагч усанд осолдож байсан иргэний амийг аварчээ
Эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг шуурхай аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан цагдаагийн алба хаагчид болох Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, цагдаагийн ахмад С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар ийнхүү шуурхай ажиллажээ.
"Хүүхэд хамгаалагч" төсөл Баянзүрх дүүргийн 17 хороонд амжилттай хэрэгжиж байна
"Хүүхэд хамгааллын тогтолцоог чадваржуулах төсөл" Баянзүрх дүүргийн 27 Хороонд амжилттай хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын асуудлыг зорилтот түвшинд хүргэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн явцтай Японы сангийн яам, Японы ЭСЯ, Жайкагийн суурин төлөөлөгч, Японы хүүхдийг ивээх сангийн хамт олон ирж танилцлаа. Төслийг хамтран хэрэгжүүлж байгаа хамтарсан багийн хамт олон, нийт оролцогч нартаа талархал илэрийлье.
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авч байна
Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:
- Эзэн холбогдогч нь тодорхойгүй зам тээврийн осол, хэрэг,
- Эрэн сурвалжлагдаж байгаа хүн,
- Тээврийн хэрэгслийн улсын дугаар хууль бусаар үйлдвэрлэж байгаа хүн,
- Албан тушаалтан, аж ахуйн нэгж, баримт бичгийн талаарх мэдээллийг иргэд байгууллагаас үнэ төлбөртэй авна. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгох юм. Тиймээс иргэд та бүхэн хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Орхон аймгийн Цагдаагийн газраас "Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм" -ийн гишүүн хүүхдүүдийг сургалтанд хамрууллаа
Орхон аймгийн Цагдаагийн газраас Аймгийн ГБХЗХГ-ын "Янзага" зусланд зохион байгуулагдаж байгаа Хүүхдийн оролцооны байгууллагуудын гишүүд, "Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм"-ийн гишүүн хүүхдүүдэд зориулан "Хүүхдийн хөгжил хамгаалал", "Хүүхдийн аюулгүй байдал", "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр сургагч багш, мэргэжилтнүүд, хүүхдүүдэд "Гэр бүлдээ-УУРЛААД ЯАХАВ ДЭЭ ! " аяны зорилго зорилтыг танилцуулан /аянд нэгдүүлж/ ажиллалаа.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид сургалтанд хамрагдлаа
Цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа олон янзын хүмүүстэй харилцаж тэдний асуудлыг шийдвэрлэдэг. Зарим үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслалцаа хүсэж цагдаагийн байгууллагад хандах эсвэл холбогдогч болон хохирогчоор татагдах нь ч бий. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдыг дараах сургалтанд хамруулсан байна. Тухайлбал, тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Батболд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ" сэдэвт сургалт, илтгэл тавилаа. Мөн цахим гэмт хэрэгт өртөж хохирлоо гэсэн иргэдийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад нилээд бүртгэгддэг. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Түвшинжаргал “Цахим гэмт хэрэг гэж юу вэ” сэдэвт сургалтыг нийт мөр зэрэгцэн ажилладаг нөхөддөө орлоо. Ийнхүү цаашид дан ганц дарга ахлах албан тушаалтнууд ч бус хэлтсийн алба хаагчид хамт олныхоо мэдлэгт нэмэр болохуйц сургалтуудыг үргэлжлүүлэн тогтмол явуулахаар болжээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс "Мөнгө угаалт- Хяналт" нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "МӨНГӨ УГААЛТ-ХЯНАЛТ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгаас "Банкаар дамжуулан хууль бус мөнгө угаах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Доржрагчаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны салбарын 78 ажилчдад сургалт зохион байгууллаа. Цаашид энэ тал дээр дүүргийнхээ харьяа аж ахуйн нэгж байгууллага, иргэд рүү чиглэсэн олон төрлийн сэрэмжлүүлэг, анхааруулах арга хэмжээнүүд зохиогдох юм.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон "их цэвэрлэгээ"-нд идэвхтэй оролцлоо
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн гүүрнээс 14 дүгээр хороо Сувдын гүүр хүртэлх далан дагуу 1500 метр газрын хог хаягдлыг нэг бүрчлэн цэвэрлэж ажиллалаа.
БНСУ-ЫН ЖОННО ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
БНСУ-ын Сөүл хотын Жонно дүүргийн Засаг дарга Ким Юн Жон тэргүүтэй төлөөлөгчид тус цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Байдраг хүлээн авч хэлтэс анх хэзээ байгуулагдаж хэдий хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа болоод ямар хэмжээтэй бүс нутгийг хамарч хичнээн ард иргэд, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангадаг, хэдэн тасаг, албад ямар үүрэг чиглэлтэйгээр ажилладаг талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Төлөөлөгчдийн зүгээс дүүргийн хэмжээнд ямар гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг, камерын хяналт, хүчин чадлын талаар асууж тодрууллаа. Мөн энэ үеэр төлөөлөгчид Шуурхай удирдлагын тасгийн үндсэн үйл ажиллагаа болох дуудлага, мэдээлэл хүлээн авч буй байдалтай танилцаж, авто эргүүлийн алба хаагчидтай уулзан ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад тасаг, хэсгийн удирдлага, ахлахууд байцаагчид болон бусад алба хаагчид оролцлоо.
“МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 8 ДУГААР САРЫН 3 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаас ирүүлсэн онцлох алба хаагч тодруулах удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Манлайлагч алба хаагч болзолт уралдааныг 8 дахь сардаа амжилттай зохион байгуулж байна. Уралдааны 8 дугаар сарын 3 дахь долоо хоногийн шилдгүүдийг шалгаруулахад хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, хороон цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Б.Алпараби, эргүүлийн офицероор цагдаагийн ахмад Г.Батболд, эргүүлийн цагдаа жолоочоор цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбаатар, Олон нийтийн цагдаагаар Ч.Даваадолгор нар тус тус шалгарлаа.