Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай замыг ЭНЭ ОНД ашиглалтад оруулна
Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэж байна.
Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны 6 дугаар сард эхлүүлж, энэ оны 7 дугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд авто замын барилгын ажлыг нийт 13 сарын хугацаанд барьж дуусгажээ.
Ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн групп" ХХК ажиллаж, Их Богд зам ХХК, Их Монгол барилга ХХК, Төгс зам ХХК, Ди Ар Жи ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.
Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулав.
Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлын явц явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа аж.
Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ЗТХЯ
|










