ЦАГ АГААР: Наймдугаар сарын сүүлийн хоногуудад ихэнх нутгаар цочир хүйтэрнэ
Наймдугаар сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар цочир хүйтэрч, цас хаялна гэх мэдээллийг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр сэрэмжлүүлэв.
Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн "Өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээ наймдугаар сарын 25 гэхэд гарч дуусдаг. Өнөөдрийн байдлаар бодолт явагдаж байгаа учраас ерөнхий мэдээлэл өгье.
Сүүлийн жилүүдэд Хойд туйлын хүйтэн агаарын урсгал есдүгээр сарын дунд үеэр манай орныг дайран өнгөрдөг болсноос үүдэн энэ үеэр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлдөг болоод байгаа. Энэ жилийн хувьд Хойд туйлын хүйтэн агаарын цөмрөл есдүгээр сарын сүүлийн хагаст тохиож болзошгүй байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Энэ хавар арай эрт дулаарч, анхны бороо олон жилийн дунджаас эрт орж, борооны улирал мөн хэд хоногийн өмнө эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна. Цаашид тунадас байгалийнхаа жамаар бага зэрэг буурах боловч, намрын саруудад олон жилийн дунджаас арай ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байна.
Ес, аравдугаар сард үе үе нойтон цас орж, цочир хүйтрэх, цасан болон шороон шуурга шуурч ургац хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааралдаа авна уу.
Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон байх төлөвтэй байна. Цас цаашид хайлахгүй нэмэгдэх, өвлийн турш нэлээд зузаан цасан бүрхүүлтэй байх, цас ахиу орсон нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь" хэмээн танилцууллаа.










