Б.Хурц нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шүүх хурлаас ямар нэгэн шийдвэр гарах магадлалтай гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм. Дашрамд дурдахад, шүүх хуралдаан 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа.
Шүүх хуралдаан 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн, дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна.
Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж,
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй.
Өнөөдрийн байдлаар дөрвөн гэрч, хоёр шинжээчээс тайлбар авч дуусаад, хуралдаан үргэлжилж байна гэж ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.










