Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр ж эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган хохирогчоор оролцож байгаа юм.
Энэ удаагийн хуралд УИХ-ын түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүгчид хүлээж аваагүй. Энэ үндэслэлээ Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасныг зөрчих үндэслэл болно.
Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна. Иймд С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна гэж үзлээ” хэмээн тайлбарлав.










