А.Энхбаатар: Унаач хүүг зодож хүнд гэмтэл учруулсан асуудлаар холбогдох бүх мэдээллийг цуглуулж байна
Өчигдөр орой Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадамд морийг нь унаж уралдсан 10 настай хүүг морьны эзэн болох М гэгч "Миний морийг түрүүлгэсэнгүй" гэж зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон хэрэг олон нийтэд тархсан.
Энэ талаар ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Манай байгууллага энэхүү ноцтой мэдээлэл гарсан даруйд мэдээлэл цуглуулах ажиллагааг эхлүүлээд байна. ГССҮТ-тэй холбогдож хүүхдийн биеийн байдал ямар байгаа, хэний асрамж хамгаалалтан дор байгааг тодруулах чиглэлийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Цагдаагийн байгууллага руу холбогдож энэ хэргийг хэрхэн шалгаж байгаа эсэхийг тодруулах ажил явагдаж байна.
Төв аймагтай холбогдоход албан ёсны баяр наадам уралдаанууд дууссан гэдэг мэдээллийг өгсөн. Унаач хүүхдийг зодож гэмтээсэн гэх мэдээллийг сайтар нягталж, холбогдох бүх мэдээллийг цуглуулсныхаа дараа манай байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх болно" гэж хэлснийг эх сурвалж мэдээллээ.









