Наадмын өдрүүдэд 562 тонн хог хаягдал цэвэрлэж, тээвэрлэжээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний баяр наадам болсонтой холбогдуулан наадам зохион байгуулахтай холбоотой Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцууллаа.
Тодруулбал, баяр наамдын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газарт үүрэг болгосон. Нийслэлийн хэмжээнд баярын болон амралтын өдрүүдэд нийт 2280 нийтийн тээврийн хэрэгсэл ажиллахаас 2028 тээврийн хэрэгсэл ажилласан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй 7 худаг”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төв, “Долоон буудал” зэрэг нийт 5 цэгт диспетчерийн хяналтыг ажиллуулан бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтын арга хэмжээг авчээ.
Түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болгсон байна.
Үүргийн дагуу нийслэлийн Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газарт машинтай эргүүл 384 чиглэлд, мотоциклтой эргүүл 30, явган эргүүл 186 чиглэлд 2209 офицер, 2491 цагдаа үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1 615 хүнийг9.804.000 мянган төгрөгөөр торгож, 31 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажиллажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна орчинд 16 ширхэг теле хяналтын камерийг байрлуусан бол жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 40 чиглэлд 81 оюутан цагдааг ажиллуулжээ. Ингэснээр жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 88,8 хувиар буурсан байна.
Баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 200 гаруй зам талбайн үйлчлэгч хоёр ээлжээр ажиллан нийт 562 тн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ