Ховд голд иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт 2 өрөө орон сууц олгохоор боллоо
Өнөөдөр Засгийн газраас хоёр иргэнд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан. Үүнийг нэг нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болсон. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
"Эмэгтэй хүн гэдэг гайхамшигтай хатуужилтай, эр зоригтой байдгийн нэгэн тод жишээг өгүүлэх гэсэн юм.
Баян-Өлгий аймгийн цагдаагийн ахлагч И.Эрдэнэшагай 2019.07.02 ны өдөр Ховд голд живж байсан иргэний амийг аврах гэж байгаад өөрөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 1989 онд төрсөн цэл залуу гучхан настай байсан залуугийн ард хайрт эхнэр нь 2 настай хүү, 1 сартай нярай охинтойгоо бэлэвсэрч хоцорлоо. Ажил явдлын үеэр ЦЕГ-ын дэд дарга талийгаачийн гэрт очиход эхнэр З.Отгонтуяа нь уруулаа чичрүүлэн байж нулимсаа арчингаа "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан болохоор ямар нэгэн санал гомдолгүй ээ" гэж хэлж байхдаа элэг зүрх нь эмтэрч байсан нь лавтай. Нялх биетэй, хоёр жоохон хүүхдээ тэврээд хоцорч байгаа түүний нуруун дээр амьдралын хүнд ачаа тэр чигээрээ бууж ирлээ. Эр нөхрөө хүндэтгэх хүндэтгэл, эх орондоо өргөсөн тангарагынх нь хатуужилтай зогсож буй эгэл бүсгүйн үг эгэл олонд бахархал харууслыг хослуулсан юм. Өнөөдөр түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар улсаас 2 өрөө орон сууц өгүүлэх Засгийн газрйн шийдвэр гаргажээ. Үнэхээр нүдээ олсон шийдвэр байлаа. Төр нь төр шиг байвал цэрэг нь цэрэг шиг л байна.
Бүсгүй минь, алдрай бяцхан үрсээ аавынх нь адил хатуужилтай, эр зоригтой сайн хүн болгон өсгөөрэй. Иргэн бүрийн төлөө зүтгэсэн зүтгэл, эх орныхоо өмнө ёслосон хором бүрийн тань төлөө бид хүндэтгэж явах болноо." гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийнхөө цахим хуудсандаа энэ тухай ийнхүү бичжээ.










