АРАВТ: ОХУ, Казахстан, Киргиз, Монгол улсын цэргийн албан хаагчид үндсэн оролцогчоор оролцоно
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд Төв аймгийн нутаг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү олон улсын наадмын явцад цэргийн албан хаагчид өөрсдийнхөө мэргэжлээр өрсөлдөж, цэргийн гадаад харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэсний зан заншил, уламжлалаас суралцах гээд маш олон давуу талтайг албанынхан мэдээлэв.
Манай улс 2015 оноос эхлэн энэхүү уралдаанд оролцож эхэлжээ. Өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан танкын биатлон, хээрийн гал тогоо, Беларус улсад болсон мэргэн буудагчын тэмцээнд цэргийн албан хаагчид амжилттай оролцжээ.
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Казахстан, Киргиз, Монгол улсын цэргийн албан хаагчид үндсэн оролцогчоор оролцоно.
Мөн БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсууд ажиглагчаар оролцохоор болжээ.
“Аравт” олон улсын уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэснэ дөрвөн үе шаттайгаар явагдах аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|










