ЦАГ АГААР: Энэ сарын сүүлээр нойтон цас орох төлөвтэй байна

2019 оны 8 сарын 01

 

Arslan.mnУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Одонтунгалагаас наймдугаар сарын ус цаг уур, орчны мэдээллийг тодрууллаа. Энэ сард зарим нутгаар олон жилийн дунджаас нэгээс 1.2 хэм дулаан байх бол эхний хагаст түр зуурын боловч ахиухан хэмжээгээр ордог аадар бороо орох магадлал харьцангуй их ажиглагдаж байгаа гэнэ. Харин сарын дунд үеэр газар тариалангийн бүс нутгаар сэрүүсч, сарын сүүлээр уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа аж.

-Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас илүү дулаан байна гэсэн мэдээлэл байна. Үүний тухай тодруулбал?

-Наймдугаар сард агаарын дундаж хэм баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай, Булган аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас нэгээс 1.2 хэм дулаан байх төлөвтэй байна. Сүүлийн 40 жилийн цаг агаарын байдлыг буюу 1981 оноос хойших мэдээгээр аваад үзэхэд, ихэнх жилүүдийн наймдугаар сар олон жилийн дунджаас дулаан байсан. Тиймээс нийт нутгаар олон жилийн дунджаас илүү их хална гэж ойлгох нь өрөөсгөл байна. 

-Долдугаар сарын сүүл нэлээд бороотой байлаа. Тэгвэл наймдугаар сард хур тунадас хэр орох вэ?

-Наймдугаар сарын нийт хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад баруун зүгийн нутгийн баруун хойд хэсэгт буюу Увс аймгийн хойд хэсэг, Завхан аймгийн зүүн хэсэг, цаашлаад Төв аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсэг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булганы өмнөд хэсэг, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангайн хойд хэсэг болон Улаанбаатар хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй хур тунадас орно. Харин үлдсэн бусад нутгаар буюу баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дундаж хэмжээтэй хур тунадас орох төлөвтэй байна.

-Наймдугаар сар нэлээд хуртай сар болох юм байна. Цаг агаар муудах үзэгдэл тохиох бол уу?

-Наймдугаар сарын эхний 10 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, Зүүн зүгийн ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох бол хоёрдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр зарим нутгаар бороо орж, шийрүүсэх төлөвтэй байна. Мөн энэ үед агаарын хэм Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө сэрүүсч нэгээс зургаан хэм, өдөртөө 14-19 хэм байна. Говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм дулаан, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй. Түүнчлэн сарын дунд үеэр баруун болон төвийн нутгийн зарим газар, сарын сүүлээр ихэнх нутгаар сэрүүснэ. Ялангуяа уулархаг нутгаар нойтон цас орох төлөв ажиглагдаж байна. Энэ үед харьцангуй сэрүүсч байгаа учраас шөнөдөө хөрсөндөө цочир хүйтэрч болзошгүй. Тодруулбал, газар тариалангийн бүс нутгаар хөрсөндөө хасах хэмд хүрч, цочир хүйтрэх байдал ажиглагдаж байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө дөрвөн хэм дулаанаас хоёр хэм хүртэл хүйтэрч, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө гурваас найман хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй байна. 

-Иргэдэд сэрэмжлүүлж хэлэх зөвлөгөө бий юү?

-Наймдугаар сард түр зуурын боловч ахиухан хэмжээгээр ордог аадар бороо орох магадлал эхний хагаст харьцангуй их ажиглагдаж байгаа. Харин сарын дунд үеэр газар тариалангийн бүс нутгаар сэрүүсч, сарын сүүлээр уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа тул холбогдох эрсдэлээс сэрэмжилнэ үү. Тодруулж хэлэхэд, нийслэл хотод үерийн ам дагаж байрласан айлууд наймдугаар сарын эхээр орох түр зуурын аадар борооны улмаас үүсч болзошгүй үерийн аюулаас болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн гол, мөрний усны түвшин нэмэгдэх учраас энэ үед голын эрэг дагуу амарч зугаалахдаа болгоомжилж, бага насны хүүхдийг гол усны дагуу тоглуулахгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
606311
5 эможи

Аамаа
2019-08-03 07:45
Нойтон цас орно гээд байх юм хуурай цас гэж байдаг байх нь ээ хаха
Munhkbolor
2019-08-03 01:38
zun tsac ordogim bh daa
Зочин
2019-08-01 12:10
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up