ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2019 оны 7 сарын 21

Энэ долоо хоногт /2019.07.16-2019.07.21/ болсон Нийслэлтэй холбоотой онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

С.Амарсайхан: Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллаа.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм. 

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ: Түрээслээд өмчлөх орон сууцны үнэ мкв нь 1,450,000 төгрөг болно 

Arslan.mnТүрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоодугаар сарын 22-нд бүртгэл эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Тодруулбал, наймдугаар сарын 5-ныг дуустал бүртгэлийн систем 24 цаг нээлттэй байх юм.  Хэзээ ч бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ. nosk.ub.gov.mn хаягаас иргэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. Байрууд нь 68.59 мкв талбайтай гурван өрөө, 39.30 талбайтай хоёр өрөө,  49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна.

Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөхөд аль нэг мэргэжил, байгууллагад давуу эрх олгохгүй бөгөөд 100 хувь бүртгэлийн мэдээллээр явагдана. Түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд хамрагдана. Түүнчлэн анх удаа өмчлөх хэлбэр орж ирж байгаа. Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлнө, өмчлөхгүй. Харин өмчлөх нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж гүйцээх хэлбэр бий. Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд өмчлүүлэх юм.

С.Амарсайхан: Нийслэл хотын хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуулна

Arslan.mnНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Иргэдийн дунд соёл, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн сайн сайханд уриалсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, хамгийн олон хүнийг хамруулан, хорооныхоо иргэдийн оролцоог хангасан хүнийг Соёлын элчээр ажиллуулахаар сонгон шалгаруулж, урамшуулах асуудал яригдана. Шинийг санаачлагч, манлайлагч хүнийг сонгох ёстой. Олон нийтийн дунд дахин санал асуулга явуулах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээ мэдээллийг түгээж, олон хүмүүсийн оролцоог хангаж ажилла. Нийслэл хотын хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуул. Журмын төсөлд бүх зүйл тодорхой, дэс дараатай тусгагдсан байх ёстой” хэмээлээ.

Ц.Түвшинжаргал: Иргэд нийтийн тээврээр зорчих бүртээ и-баримтын сугалаа авдаг болно

Arslan.mn“Улаанбаатар Смарт карт” үйлчилгээ 2015 оны долдугаар сарын 24-нд нийтийн тээврийн хэрэглээнд нэвтэрсэн. Мэдээж энэхүү төслийн эерэг үр дүн их гэдгийг дурдмаар байна. Хамгийн чухал нь нийтийн тээвэр зорчигчдын урсгалыг тодорхойлох, нэгж иргэн хаанаас хаа хүртэл тогтмол явдаг зэрэг мэдээлэл нь тодорхой болж нэг бүрчлэн тоологддог болсон. 

Зорчигч жолоочид бэлэн мөнгө өгөх нь хоёр дахин хохиролтой нөхцлийг үүсгэж байдаг. Учир нь тухайн иргэний зорчилтын мөнгийг нийслэлээс тухайн автобус компанид төлдөг, тэгэхээр давхар мөнгө бэлнээр төлөөд байна гэсэн үг юм.

Мөн өдөрт хэдэн хүн тогтмол үйлчлүүлж байна, тэдгээрийн хэд нь ахмад настан эсвэл оюутан байгааг, аль автобусны буудал ачаалал ихтэй байна вэ гэдгийг маш нарийн харах боломжтой болсон юм. Зорчигч урсгалын мэдээлэл нэг бүрчлэн тоологдож, тоон статистик нарийн тодорхой болсон гэсэн үг. Мөн тэдгээр мэдээллийг Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтнүүд холбогдох төлөвлөлтдөө ашиглаж байгаа нь маш том давуу тал болж байна. Түүнээс гадна иргэд бэлэн мөнгөтэй харьцахгүй, карт хэлбэрт шилжүүлсэн нь олон улсын жишигт нийцсэн зүйл болсон хэмээлээ.

НМХГ: Хугацаа нь дууссан 18 нэрийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үед хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогджээ. Иймд шалгалтаар хураагдсан 18 нэрийн 56 ширхэг, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүллээ. Мөн илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

НМХГ: Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт зөрчил илрүүлж арга хэмжээ ногдуулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, иргэн Ц-ийн Өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрийн орчин бохир, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн тул торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажилласан байна.

“Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ“ бизнес эрхлэгч залуучуудад зориулсан сургалт болно

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN"Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ" бизнес эрхлэгч залуучуудад зориулсан шинэлэг сургалт анх удаагаа зохион байгуулагдлаа. “Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ” сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлд өөрийн ажын байрыг бий болгох, түүнчлэн бусдыг ажлын байраар хангахаар зорьж буй залуучуудад зориулагдсан юм. Тиймээс уг сургалт нь энгийн нэгэн санааг эдийн засаг, нийгмийн үр өгөөжид хувирган бизнес болгон хөгжүүлэх арга барилыг заах болно. 6 дэд модуль сургалт нь ажил хайх явцад хувиараа бизнес эрхлэхээр шийдвэр гаргасан эсвэл өрхийн түвшинд бичил бизнес эрхэлж буй 18-35 насны залуучуудад зориулагдсан болно. Залуучуудыг энтрепренёр болоход нь чиглүүлэх замаар бизнес санаагаа хэрэгжүүлж бие даан орлогын эх үүсвэрээ бий болгох арга барил, дадал, ур чадвартай болгоно. Энэхүү сургалт нь энтрепренёршип болон бизнес эрхлэх арга ухааныг залуучуудын дунд нутагшуулах туршилтын үр дүнд бий болсон гэдгээрээ онцлогтой.

Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MNНийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлалаа.  Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Цахим дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар 4 га, Сонгинохайрхан дүүрэгт аж ахуйн зориулалтаар 5 га, Налайх дүүрэгт үйлдвэрийн зориулалтаар 1 га газрыг тус тус худалдах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар лавлах юм. Лавлах утас: 315712, 80000233

Барилгын материалын олборлолт, тээвэрлэлтийн талаар оролцогч талуудын уулзалт боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоон, тодорхой асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны, жолооч нарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон барилгын материал олборлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Украйны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  Украйн Улсын “Энергоэксперт” компанийн ерөнхий захирал Иващенко Евген, “Теплонэнерго” компанийн захирал Римаренко Олег Владимирович нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар оролцлоо.

Монтеплон ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан хуримтлууртай теплон цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр Украйн Улсын “Энергоэксперт” болон “Теплоэнерго” компаниудтай хамтран ажиллаж байгаа аж.  

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар Зөвлөлийн гишүүд хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцлоо.

Бээжин хотын  өдрүүд арга хэмжээг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “ Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд  бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

“Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

Тэрбээр орчны тохижилт, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд эрсдэл учруулах, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5423 зөрчлийг бүртгэж, фото зургаар баримтжуулж, газрын зураг дээр тэмдэглэсэн. Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хууль, Усны эрүүл ахуйн бүсийн дэглэм, хориглолт хязгаарлалтын бүсийн журам зөрчиж, Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд 3782, хязгаарлалтын бүсэд 7169, Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд 22791, нийт 33742 иргэн, аж ахуйн нэгж байгууллага орсон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолттой холбоотойгоор 44 ашиглалтын талбайд үзлэг, судалгаа хийж, нийт 125 зөрчил бүртгэсэн” хэмээлээ.

ЭКО дүүрэгт Хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ

Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум  буцалтгүй тусламжаар, 100% хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах  “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон “Хан-Уул Агро” паркад ажиллаа.

Уг айлчлалын хүрээнд тус хүлэмжүүд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын тэргүүлэгчид буюу НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар оролцож, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, нягт хамтран ажиллахаар боллоо.

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүллээ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MNБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. 
Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн  0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг  “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлаа ханган хүлээлгэн өглөө. Тус авто зам ашиглалтад орсноор  иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм.

Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлийн ажил наймдугаар сарын 1-нд дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцууллаа.

Гэрэлтүүлгийн хувьд 2020 он хүртэлх Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаараа гэрэлтүүлгийн ажил хийж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53 дугаар байрны гадна фасадны ажил, 35, 39 дүгээр байрны бохирын шугамыг солих ажлыг хийгдэж байгаа. Дөнгөж саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Голомт”, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиудад хүүхдийн хөлбөмбөгийн талбай байгуулахаар тендер зарлагдаад ажил эхлэх гэж байна.  Мөн найман байршилд явган хүний зам хийгдэж байгаа юм байна.

Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606013
0 эможи

keyboard_arrow_up