Монгол ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР тохиож байна
Төрийн далбааны өдөр өнөөдөр /2019.07.10/ тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10.00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан байдаг. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долоодугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байв.
Харин 2008 оноос Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны зургаадугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл зургаадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл зургаадугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг долоодугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.
Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн юм.
Сонирхуулахад, АНУ зургаадугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали нэгдүгээр сарын 7, Аргентин долоодугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо тавдугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.










