Цагдан хоригдсон хоёр шүүгчийг оргон зайлах үндэслэл тогтоогдоогүй хэмээн суллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдээс хоёрыг нь буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжид “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийг мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй.
Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн” гэжээ.
Эх сурвалж: MEDEE.MN
|









