ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 7 сарын 07

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.07.01-2019.07.07/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

П.Эрдэнэбат: Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ

Arslan.mnҮндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ "...Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408,  Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500,  нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400  сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллана. Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна..." хэмээн онцоллоо. 

ЭЦА-аас “Учрах тавилан” романы нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа 

Arslan.mnЦагдаагийн байгууллагын “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус албаны ахмад дунд залуу үеийн уулзалтыг Эрүүгийн цагдаагийн албаны хурлын заланд боллоо. Энэ уулзалтын үеэр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ц.Батмөнхийн  “Учрах тавилан” романы нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, тус албаны ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Сүхбат, тус албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Батмөнх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Даваасүрэн болон  нийт алба хаагчид оролцлоо. “Учрах тавилан” номын зохиолч ахмад ажилтан Ц.Батмөнх Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулж бичсэн эрүүгийн мөрдөгчийн ажил, амьдрал тэмцлийн харуулсан “Учрах тавилан” номыг Эрүүгийн цагдаагийн албаны удирдлагад бэлэглэв. Эрүүгийн цагдаагийн албанаас ахмад алба хаагчидаа дурсгалын зүйл гардуулж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

ЦЕГ-ын Санхүү, Аж ахуйн албаны түүхт 80 жилийн ойг угтан алба хаагчдын дунд "АХА" тэмцээнийг зохион байгууллаа 

Arslan.mn

Санхүү, аж ахуйн алба үүссэний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү бүртгэлийн 100 гаруй алба хаагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг ТВ-9 телевизтэй хамтран алба хаагчдаас мэргэжил, ур чадвар, танин мэдэхүйн хөгжөөнт асуултууд бэлдэж 1, 2, 3 дугаар байр эзлүүлсэн. Тэмцээний аваргаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэхорол, дэд байрт Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсүх, гутгаар байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлах нягтлан бодогч, дэслэгч И.Энх-оргил нар тус тус шалгарлаа. 

“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны үеэр зарим замыг ХААНА

Arslan.mn

“Торгоны зам” авто раллиг 2019 онд манай улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх эрх авч оролцогч улс болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 22 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт зохион байгуулахтай холбогдуулан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр аймаг, Налайх дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга нар, аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Цагдаагийн ерөнхий газраас цахим хурлыг зохион байгууллаа.Хурлын үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, Г.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож, “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах үеийн аюулгүй байдлын бэлтгэл ажлын явц, шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцож, үүрэг чиглэл өглөө.

Д.ОЮУНЧИМЭГ: “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн ослоос гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан

Arslan.mnЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Цагдаагийн байгууллага 2019 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүдээ нэгтгээд олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, эхний хагас жилд 297.361 дуудлага мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл цаг тутамд 70 дуудлага мэдээлэл хүлээн авсан гэсэн үг. Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 17 мянга 666 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 33.5 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 11.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, мэдээлэл ойлголт өгөх зорилгоор тогтмол зорилтот аянуудыг зохион байгуулсаар ирсэн. Жишээ нь он гарсаар уураа тэвчиж, ойлголцох “Нэг Хором”, хүүхдийн хүмүүжил, хамгааллын “Зөв тусгал”, хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд зөв тээвэрлэх “Бяцхан зорчигч”, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” гэсэн аянуудыг зохион байгуулаад явж байна. Эдгээр аян, нэгдсэн акцууд нь эхнээсээ үр дүнгээ өгч  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4210 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан дүн гарсан. Хулгайлах гэмт хэрэг 35.1 хувиар буурсан байлаа. Дээрх тоон үзүүлэлтээс гадна иргэд, олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн аливаа аяныг дэмжих, ойлгох хандлага нь нэмэгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй зөв, хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хэрэглэж сурсан байна..." гэлээ. 

ТЦА-аас “Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн байгууллагааас төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах зэрэг албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг билээ. Тээврийн цагдаагийн албаны хурлын тэнхмид Сүхбаатар районы 4 дүгээр салаанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн урд талын замд албан үүргээ гүйцэтгэж байхдаа автобусанд мөргүүлэн амь насаа алдсан сэргийлэгч Загдын Ганбаатар агсны аав Загд болон түүний дүү нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.  Энэхүү үйл ажиллагаанд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон алба хаагчдын төлөөлөл оролцож, дурсгалын зүйл гардууллаа. 

Шинээр томилогдсон алба хаагчид цагдаагийн ТАНГАРАГ өргөлөө

Arslan.mn

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдэж Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлээр төгссөн иргэдийг цагдаагийн байгууллагын албан тушаалд томилcoнтой холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар  зохион байгууллаа. Тангараг өргөх арга хэмжээнд  Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын даргын  зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа. Цагдаагийн тангараг өргөж цагдаагийн байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ажил амьдралынхаа гарааг эхэлж байгаа алба хаагчдад цагдаагийн албаны хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албандаа шамдан суралцаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдыгаа манлайлан  ажиллахыг хүсэн ерөөе. 

“Зөв хэвшил, хандлага”-тай таван шилдэг байгууллагыг тодрууллаа

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан юм.“Зөв хэвшил, хандлага” аяны эхний үе шатны үр дүнг үнэлж, цагдаа, дотоодын цэргийн 73 анги, байгууллагын хийсэн ажлын төлөвлөгөө, тайланг дүгнэж дүнг гаргажээ. Дээрх дүнгээр 5 анги, байгууллага бусад байгууллагаа хошуучлан ажилласан байна. Тухайлбал,Дотоодын цэргийн штаб, “Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын хамт олон аяны зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвх, санаачлага гарган ажилласанд “Батламж” хадгалууллаа.

М.Батхолбоо: Түр зогсоогоод “биеийнхээ чилээг гаргачих“ гэж хэлэхэд жолооч нар эерэгээр хүлээж авсан

Arslan.mn

“Хөвсгөлийн хөөрхөн цагдаа” хэмээн цахим хуудсанд алдаршиж эерэг энерги түгээж буй М.Батхолбоо гэх цагдаагийн залуухан алба хаагчтай холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө Хөвсгөл аймгийн Тариалан суманд албан үүргээ гүйцэтгэж яваа. М.Батхолбоо 1995 оны наймдугаар сарын 15-нд төрсөн. Багаасаа цагдаа болохыг хүссэн мөрөөдлөө биелүүлэхээр 2013 онд ХСИС-д элсэн суралцаж 2018 онд цагдаа, хууль сахиулах мэргэжил эзэмшин төгсчээ. Төгссөн оныхоо зургадугаар сарын 28-нд анхны томилолтоо аваад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын зорьсон байна. Удалгүй Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод байгаа гэнэ. Ажилдаа чин сэтгэлээсээ “дурласан”, албандаа үнэн зүрхнээсээ “хайртай” түүний жолооч нарыг хэсэгхэн ч гэсэн амраахаар дохиж зогсоосоон үйлдэл нь өнөөдөр хайр түгээж, хар бараанаар дүүрсэн цахим хуудсыг эерэг энергээр цэнэглэж байна.Цахим хуудсанд эерэг, гэгээлэг хандлагыг түгээгч Батмөнхийн гэр бүлийнхэн анхлан түүний талаар пост оруулсан. Батмөнх “Хөвсгөл орохын алдад зам дээр цагдаа зогсчихсон манай машиныг зогс гээд зогсоод ямар нэг зөрчил гаргалаа гээд торгох гэж байгаа юм байхдаа гэж бодсон юм. Тэгсэн “Амрыг эрье, аян замдаа сайн явж байна уу. За ядарч байна уу. Энд буугаад биеийнхээ чилээг гаргаад бие засаарай, тэнд 00 байгаа гэж байна.Тэгэхээр нь нэг л сайхан дотно санагдаад сайхан байсан шүү” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь олон мянган хүнд хүрээд байна.

ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Arslan.mn

Дотоодын цэргийн штабаас Төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, цэргийн сахилгын дүрмийг хэрэгжүүлэх, сахилга, ёс зүйг бэхжүүлэх, 2019 оны сүүлийн хагас жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор анги, байгууллагуудын 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн цахим зөвлөгөөнийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулжээ. Энэ удаагийн тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнд төв, орон нутаг дахь дотоодын цэргийн анги, тусгай салбар, салаадын алба хаагчид онлайнаар оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, шийдвэрлүүлснээрээ онцлог болсон юм. Тайлангийн хурлын үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат цаашид анхаарч ажиллах асуудлуудаар тодорхой үүрэг, чиглэл өгч, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулан, ажлын амжилт хүсч, уриалга гаргалаа.

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын “ИХ СОРИЛГО” БЭСРЭГ НААДАМ зохион байгуулагдлаа

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг 2019 оны 07 дугаар сарын 06, Билгийн тооллын шинийн 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын газарт амжилттай зохион байгууллаа. Энэхүү бэсрэг наадамд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч, алба хаагч нар оролцсон юм. Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, 11 харваач нум сум харван, 30 хурдан даага уралдуулж хотол олныг баясгасан юм. Ийнхүү наадмын шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж,  Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарч, бөхийн түрүүг Аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж авч, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн юм. Сур харвааны тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн цагдаагийн дэд хурандаа М.Чинбат, дэд байрт Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхсоёл, гутгаар байрт Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал нар тус тус шалгарсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

Arslan.mn

2019 оны долоодугаар сарын 2-ны өдөр эх орны баруун хязгаар, Цаст их хайрхан Алтай таван богд асарлах Баян-Өлгий аймгаас бид харамсалтай мэдээ сонсож, эмгэнэн гашуудав. Монгол төрийн цагдаагийн байгууллагын эр зоригийн тангарагтай эрэлхэг цагаан шонхоруудын нэг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай маань эрдэнэт хүний амийг аврах гэж албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан мэдээг сонссон монгол хүн бүрийн зүрх сэтгэл харуусал гашуудал нөмөрсөн юм. Энэ өдөр Цагдаагийн ерөнхий газар, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа эзэн болсон хүүгээ сүүлчийн замд нь үдэж, хурмаст тэнгэр нь хүртэл бороошиж, эмгэнэлийн аяз дунд эгнээнээсээ алсарсан эрэлхэг хөвгүүндээ хүндэтгэл үзүүллээ. 

Мөрдөн байцаах албаны сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгуулагдаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний нийт мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид болон орон нутгийн алба хаагчид онлайн хэлбэрээр оролцлоо. Хурлыг нээж Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал үг хэлж, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар 2019 оны эхний хагас жилд Мөрдөн байцаах албанаас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Х. Бат -Очир сахилга ёс зүйн тайланг тус тус уншин танилцуулж, Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлын талаар мэдээлэл хийж, алба хаагчдаас санал шүүмжлэл хэлэлцүүллээ.

Нийслэлийн цагдаагийн газраас “UB ERP” дотоод удирдлага хяналтын системийн сургалтыг зохион байгууллаа 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 50 алба хаагч “UB ERP” дотоод удирдлага хяналтын системийн сургалтад хамрагдлаа. Тус сургалтад нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Л.Хажидмаа системийн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгч хамтран ажиллав.

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ЗОГС-ШАЛГА-БОЛОМЖ БҮҮ ОЛГО“ арга хэмжээ явагдаж байна

Arslan.mn

Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэлээдгүй бүртгэгддэг. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Зогс-Шалга-Боломж бүү олго” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.  Уг арга хэмжээ нь энэ оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд явагдах юм.

НЦГ-аас “Ёс зүйтэй цагдаагийн төлөө“ туг аялуулах ажлыг эхлүүллээ

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас  “Ёс зүйтэй цагдаагийн төлөө”  туг аялуулах, бүтээлч, ёс зүйтэй, соёлч, хариуцлагатай хамт олон, алба хаагч шалгаруулах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар Улаанбаатар цагдаагийн хүрээний харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, төвийн алба хаагчдын сахилга ёс зүйг төлөвшүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлнэ. Мөн алба хаагчдаас  гаргасан шинэ санал санаачилгыг дэмжих, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, цагдаагийн байгууллагын үнэлэмжийг өсгөх, ёс зүйтэй цагдаагийн алба хаагчийг тодруулан, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 19.8 ХУВИАР БУУРЧЭЭ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас сүүлийн 2 жилд олон аян арга хэмжээ, нөлөөллийн ажлууд хийгдсэний үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 11.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар буурсан байна. Цагдаагийн Ерөнхий газраас 2019 он гарснаас хойш "Нэг Хором", "Зөв Тусгал", "Бяцхан зорчигч", "Яараад Яахав дээ" гэсэн томоохон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар олон талын эерэг үзүүлэлтүүд гараад байна. Дашрамд дурдахад эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 222 мянган дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол 36250 хүнийг эрүүлжүүлжсэн байна. Тоон үзүүлэлтээс харахад цагдаагийн байгууллага нь цагт 70 дуудлага, мэдээллийг хүлээн авдаг билээ. 

"Яараад яахав дээ" аян улс орон даяар үргэлжилж байна 

Arslan.mn

“Яараад яахав дээ” аяны хүрээнд хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замуудад сэрэмжлүүлэх мэдээллийн том самбаруудыг байршуулж, видео контент, шторкуудыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж ажиллаж байна. Уг аяныг олны танил хүмүүс дэмжин оролцож байгаа. Ялангуяа иргэд аянг маань маш эерэгээр хүлээж авч байна. Цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян, хөдөлгөөн, нэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой хугацаанд зохион байгуулаад болсон гэлгүй ард иргэдэд сэдэл, сэрэмжлүүлэг мэдээлэл, нөлөөлөл өгөх чиглэлийг илүү баримталж ажиллаж байна. “Яараад яахав дээ” аяныг Оюу толгой ХК,  Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис ХК, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа дэмжиж хамтран  ажиллаж байна.  

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 34 хүний суудалтай автобус хандивлалаа

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат өнөөдөр 34 хүний суудалтай автобус хандивлалаа. Тэрээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ.

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Arslan.mn

Швейцарын Холбооны Улсын Парламентийн Дарга Хатагтай Марина Кароббио Монгол дахь айлчлалынхаа хүрээнд Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн үйл ажиллагаа, Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн үйл ажиллагаа, хүчирхийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хамтарсан багтай хэрхэн ажиллаж байгаа, гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж байгаатай танилцан, санал солилцлоо.

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

Хэрэг бүртгэх албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЦЕГ-ын хурлын зааланд зохион байгуулагдаж Нийслэлийн дүүргүүд дэх хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид оролцлоо. Хурлыг нээж Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан үг хэлж, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус албаны даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаараа идэвхи зүтгэл гаргаж бусдыгаа манлайлан ажилласаннэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 1200 гаруй автобусыг БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА

Arslan.mnНийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ мэдээлэхдээ "2019 оны гуравдугаар сарын 13-нд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарсан зөвлөгөөн хийх үеэр нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулъя гэж тохирсон. Энэ ажлын дагуу нийтийн тээврийн шугамд гарч байгаа бүх автобусыг камержуулж дууслаа. Ингэснээр жолооч нарыг хянах, автобусанд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход бодитой ажил болно гэж бодож байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь автобусанд үйлдэгддэг. Нэг автобусанд 4 камер байрлуулсан байгаа учраас дотоод гадаад орчныг бүрэн хянана. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж байх үедээ эд зүйлсээ хулгайд алдсан хүн байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэсний дараа тухайн үйлчлүүлж байсан автобусны камерыг шүүж хэрэгтэнг илрүүлнэ. Бичлэгийг хадгалах хугацаа нь 15-30 хоног байна." гэв.

Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт БУУРЧ, илрүүлэлт ӨСЛӨӨ

Arslan.mnЦагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297.361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 17.666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11.698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5.921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 10.7 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.5 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 29.4 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.2 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 951 хүүхэд хохирсон бол 572 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна. 2019 оны эхний 6 сарын байдлаар 17.150 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.5 хувиар, 4.471 хүн гэмтсэн нь 2.9 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 70.0 хувиар өсжээ.

Завхан аймгийн Цагдаагийн газраас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна 

Arslan.mn

Завхан аймгийн Цагдаагийн газраас харьяа сумдад Баяр наадам болохтой холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна. Тухайлбал сумын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжлүүлэг” хүргэж наадмын үед ард иргэд гэр, орон сууцнаасаа гадагш гарч явахдаа хаалга цонхоо сайтар түгжих, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар санамжийг иргэдэд хүргэж ажиллалаа.

Завхан аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид "Тарваган тахал" вакцинд хамрагдлаа 

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн цагдаагийн газрын ажилтан, алба хаагчдыг Улиастай сумын "Биндэр гарав" өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Тарваган тахал” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах вакцинд хамрууллаа.

Төв аймгийн Цагдаагийн газрын А.Бямбадорж, М.Мандал, Н.Мөнхбат нар цол нэмлээ 

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны Б/497 дугаар тушаалаар тус Төв аймгийн Цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер А.Бямбадорж цагдаагийн дэслэгч цолоор, Цагдаагийн газрын даргын Б/140 дүгээр тушаалаар цагдаагийн дэд ахлагч М.Мандал, Н.Мөнхбат нар хугацааны цагдаагийн ахлагч цолоор тус тус шагнагдлаа. Мөн цагдаагийн албанд шинээр томилогдсон 4 алба хаагч “Цагдаагийн тангараг” өргөлөө. Цол шагнагдсан болон тангараг өргөсөн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

Орхон аймгийн Цагдаагийн газраас "Хүүхэд хамгаалагч" төслийн хүрээнд зөвлөмж өгч ажиллаж байна

Arslan.mn

МУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарилгаар 2019-2020 оныг "Хүүхдийн хөгжил хамгааллын жил" болгон заралсантай холбогдлуулан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Орхон аймгийн засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батлутын баталсан 2019 оны төлөвлөгөөний хүүхэд хамгааллын талаархи 4 дэх заалтыг хэрэгжүүлэх, Хүүхдийн аюулгүй байдал /хурдан морь унах нас, хамгаалалтын хувцас, малгай г.м/ “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” #MNS6264:2018 стандартыг хангуулан ажиллах чиглэлээр Орхон аймгийн Цагдаагийн газраас Орхон аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Дэлгэрбаяр /танаа/ Цагдаагийн газрын албан мэдэгдэл хүргүүлж, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Д.Баясгалан нарын албаны хүмүүстэй уулзаж, хүүхэд хамгааллын чиглэлээр анхааруулга, зөвлөмж өгч ажиллав.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас "Завьт эргүүл"-ийг тогтмол хийж байна

Arslan.mn

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хөвсгөл далайн эргээр завьтай эргүүл хийж иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулан усанд осолдох, эндэх тохиолдлууд ихэсдэг учраас тогтмол эргүүл хийж, аюулгүй байдлыг хангах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс "Хүүхэд хамгаалагч" нарыг хүлээн авч уулзлаа 

Arslan.mn

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс хүүхэд хамгаалагч нарыг хүлээн авч уулзлаа.  Тус дүүргийн хариуцсан нутаг дэвсгэр болох 2, 4, 21, 27 дугаар хороодод “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийн зохицуулагч нар ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Эдгээр ахмад ажилтнуудыг хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням хүлээн авч уулзан өнгөрсөн хугацаанд гарсан амжилт ололт, үр дүнг танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах тухайгаа ярилцлаа. Мөн идэвхи зүтгэл гарган ажилласан ахмад ажилтан , цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Батмөнхийг шагнаж урамшуулсан юм. Цэцэрлэг, сургуулийн зуны амралт эхэлсэн ч хүүхэд багачуудыг гудамж талбай, ахуйн орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд зуны аагим халууныг ч ажралгүй ажиллаж байгаа төслийн зохицуулагч нартаа талархал илэрхийлье.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид шагнууллаа

Arslan.mn
Өмнөговь аймгийн цагдаагийн газрын 30 алба хаагчдыг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажиллаж байгаад шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд улам их амжилтыг ерөөе.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605685
3 эможи

Зочин
2019-07-07 11:57
сонирхолтой
keyboard_arrow_up