С.Давааням: Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг Улаанбаатараас шилжүүлэхгүйгээр хэт төвлөрлийг сааруулж чадахгүй

2019 оны 6 сарын 23

Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, мөн Ногоон хөгжлийн бодлого зэрэг хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд боловсруулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн бүтцэд хоёр шинэ хэлтэс байгуулагдан ажиллаж байна. Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямтай Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн талаар ярилцлаа.

-Уг төслийн зорилго болон үндэслэлийн талаар яриагаа эхлүүлье.

Үндсэн зорилго нь 2040 гэхэд 4,6 сая болж өсөх Монгол Улсын иргэн бүрийг оршин суугаа газраа ажилтай, эрүүл, аюулгүй, ая тухай орчинд тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцлийг хангах юм. Үндэслэл, хэрэгцээ шаардлага нь гэвэл Монгол Улс хүн амын нутагшилт суурьшлын тогтолцооны зохистой харьцаа нэгэнт алдагдсан. Үүнийг юугаар тодорхойлж болох вэ гэхээр нэг хүнд ногдох газар нутгаар дэлхийд тэргүүлж байгаа хэрнээ эсрэгээрээ нийт хүн амын хамгийн их хувь буюу 50 шахам хувь нь нэг хотод суурьшиж, улмаар хүн амын хэт төвлөрөл бий болсноор нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны гээд олон сөрөг үр дагаврууд ихэсч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Мөн хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хатуу болон дэд бүтцийн нэгдсэн иж бүрэн мэдээллийн сантай болсноор хөгжлийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд нь орон зайн хувьд оновчтой төлөвлөгдөж, эрэмбэ, ач холбогдлын дарааллыг нь тодорхойлж өгснөөр хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэх боломжтой болно. Тухайлбал Монгол Улс 1990 оноос хойш хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй байна. Төсөл, арга хэмжээний судалгааны үндэслэлтэй нэгдсэн эрэмбэ дараалал байхгүйгээс болж, олон улсын болон улсын зэрэглэлтэй Налайх, Дарханы замыг барьж чадаагүйгээс олон хүн амь нас эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон бол алслагдсан нэг аймаг, сумыг холбосон зам ашиглалтын түвшин бага байна. Мөн 200 хүүхэд сурч байгаа суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль барьж байгаа нь нэг удаагийн барилгын өндөр зардлаас гадна халаалт, цахилгаан, засвар гээд байнгын өндөр урсгал зардал шаардана. Гэтэл барууны орнуудад хот, тосгодыг илүү цомхон төлөвлөлттэйгээр байгуулж, эдийн засаг, экологийн хувьд хож-хож байдлаар төлөвлөж байна.

-Энэ төслөөс ямар үр дүнг харж байна вэ?

-Нэгдүгээрт хүн амын суурьшлын хэлбэр болох хот суурин газар болон засаг захиргааны нэгжүүдээр хот байгуулалт болон нийгэм-эдитйн засгийн нэгдсэн мэдээллийн сантай болно. Ингэснээр 200 хүүхэд сурч байгаа суманд 320 хүүхдийн сургууль барих зэрэг үрэлгэн зардал гарахгүй байх боломжтой. Ингэснээр орон зайн хувьд бодит хүчин чадал болон орон зайн хувьд оновчтой төлөвлөснөөр хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ.

Хоёрдугаарт сум дундын төв буюу бүлэг суурингийн төвийг оновчтой тогтоож өгнө. Ингэснээр сум дундын төв нь бүсчилсэн байдлаар хөгжиж, аймгийн төв болон нийслэл рүү таталцаж байгаа боловсрол, эрүүл мэнд зэрэг үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх боломжтой юм. Мөн гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд эхний ээлжинд сум дундын төвд хэрэгжиж, үр өгөөж нь илүү өндөр байх боломжтой.

Гуравдугаарт нийслэлийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг судалгааны үндэслэлтэйгээр нийслэлийн дагуул хот болон хоёрдогч томоохон хотуудад шилжүүлэх хувилбарыг гаргаж, хэт төвлөрлийг сааруулах боломжтой болно. Монгол Улсын хувьд засаг захиргааны болон дээд боловсролын үйлчилгээний таталцал хамгийн ихээр Улаанбаатар хотод төвлөрснөөр хоёрдогч хот Эрдэнэтээс 14 дахин их хүнтэй байна.

Мөн Монгол Улсын иргэн бүр оршин суугаа ажилтай, эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд тогтвор суурьшилтай амьдрах нөхцлийг сайжруулсан төлөвлөлтийг сумын төв, тосгон, аймгийн төв, хотуудад түвшин бүрт уялдуулан тодорхойлно.

Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан эхний ээлжинд жижиг сум, суурин газруудыг зэргэлдээх хот, суурин газартай нэгтгэх байдлаар, гэхдээ одоогийн суурь үйлчилгээг хадгалах үндсэн дээр гаргаж тавина.

-Өнгөрсөн хугацаанд хүн амын нутагшилт суурьшлын судалгааны ажлууд нэлээд хийгдсэн үр дүн ямар байна?

- Өнгөрсөн хугацаанд Төвийн бүсийн долоон аймгийн 70 гаруй сум, Зүүн бүсийн гурван аймгийн  40 гаруй сумаар судалгаа хийж ажлаад ирсэн. Төвийн бүсийн дөрвөн аймаг, зүүн бүсийн  зургаан аймаг нь дэд бүтцийн босоо тэнхлэгийн дагуу оршдог. Говийн аймагт уул уурхайг дагаад хүн  амын төвлөрөл, бизнес эдийн засгийн үйлчилгээ нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд говийн бүс буюу уул уурхай, дэд бүтэц дагасан Ханбогд Даланзадгад, Цогтцэций, Замын-Үүд гэсэн газруудад хүн амын өсөлт хамгийн өндөр байна.  Бид шаардлагатай мэдээ материалуудыг цуглуулж, салбаруудын оролцоог хангах чиглэлээр  яамд агентлагуудтай хамтраад ажиллаж байна. Мөн салбарын эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж,  20 гаруй эрдэмтдийн цуврал лекц семинарыг зохион байгууллаа. Мөн Японы Жайка байгууллагатай хамтран техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж, мэргэжлийн туршлагатай гадаадын зөвлөхүүдийг энэ ажилт татан оролцуулж байна. Тэдгээр зөвлөхүүдийн судалгаа, мэдээ материалд тулгуурласан товхимол, сэтгүүл гаргахаар төлөвлөөд байна.

-Хүн амын тархалт суурьшлын байдлын зохистой харьцаа алдагдсан, дээр нь  засаг захиргааны бүтэц нэлээд маргаан дагуулдаг. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх боломжтой байна вэ?

-Манайд хот байгуулалт, хот тосгоны эрх зүйн асуудал яг статусаараа бүрэн тодорхойлогдож чадаагүй байна. Дэлхийн бусад оронд хотууд нь засаг захиргааны бүтэц чиг үүрэгтэй явдаг. Харин манайд хуулиараа оршин суугаа газрынхаа харьяалалд багтахаар зохицуулалттай байдаг. 1990 оноос хойш засаг захиргаа нутаг дэвсгэр, хот тосгоны эрх зүйн байдал өөрчлөлтгүй өдийг хүрлээ. Гэтэл Монгол Улсын хүн ам 3,4 сая болж өссөн. Хотжилтын асуудал мөн хоёр дахин нэмэгдлээ. Нийгэм эдийн засаг маш хурдацтай өөрчлөлт явагдсан энэ үед хот тосгоны эрх зүйн статусын асуудлыг засаг захиргааны нэгж байдлаар шийдэх шаардлагатай.  Цаашид 30,40 жил энэ байдлаар явах уу, эсвэл шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх үү гэдэг сонголт хийнэ гэсэн үг.

- Судалгаагаар хүн амын шилжилт хөдөлгөөнд юу голчлон нөлөөлж байна вэ. Энэ асуудлын шийдэл гарцыг тодорхойлох боломж байна уу?

- Нийт хүн амын хамгийн их хувь нь газар нутгийн 0,1 хүрэхгүй хувьд буюу 0,05 хувьд байршиж байна.. Нийгмийн үйлчилгээ боловсрол, мөн эдийн засаг ажил эрхлэлтийг дагасан аймгийн төвийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн байна. Тиймээс 2040 он гэхэд хүн амын сууршлыг яаж төлөвлөх вэ гэдгээ зайлшгүй тодорхойлох шаардлагатай болж байгаа юм. Тиймээс нийслэлд төвлөрсөн шилжилт хөдөлгөөнийг татах хүчийг дагуул хотуудад тараан байршуулах хэрэгтэй.  Ер нь бүлэг суурингийн тогтолцоо буюу хуучнаар сум дундын төв гэж ярьдаг байсан. Ийм байдлаар л хөгжүүлбэл илүү үр дүнтэй гэж харж байна. Түүнчлэн 2500 хүртэлх хүн амтай жижиг сумдын хүн ам хамгийн ихээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд буурсан буурсан. Харин аймгийн төв хот болон томоохон сумдын хүн ам өсөлттэй байгаа нь орон нутагт хүн ам, зах зээлийн зохистой төвлөрөл бүрдээгүйгээс том хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн яваад байгааг харуулж байна. Ер нь олон улсын хандлагаар аливаа суурин газар 5000-аас илүү хүнтэй байж, тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зах зээл бүрдэж эхэлнэ гэж үздэг.

-Сум дундын төв гэхээр төвлөрсөн томоохон үйлчилгээний газруудыг бий болгоно гэж ойлгож болох уу?

-Тэгэж хэлж болно. Орон нутагт хүн амын  зохистой зах зээлийг төвлөрлийг бий болгох, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг бий болгохын тулд сум дундын эмнэлэг, сум дундын чанартай сургууль бий болгоно. Мөн  холбогдох дэд бүтцийг нь сум дундын төвд цэвэр ус, дулаан хангамж, бохирын инженерийг нь  шийдсэн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй болж, хүн амын эрүүл аюулгүй аж төрөх тогтвортой байлгах шийдлүүдийг бий болгох шаардлагатай. Гадаад дотоодын аливаа төсөл хөтөлбөрүүд эхний ээлжинд бүлэг суурингийн төвд хэрэгждэг байхаар явах ёстой. Ийм бодлого төлөвлөлт орхигдсоноос болоод зарим жижиг сум суурин газруудад төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр ашиг нь хангалтгүй үр дүн муутай байгаа жишээ ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор сумаас аймгийн төврүү шилжилт ихэссэнээс аймгийн төвөөс 30-40 км хүртэлх зайтай сумын хүн ам нь 2000 хүрэхгүй байх тохиолдол нэлээд байна.

-Хүн ам багатай хот суурин газрыг ямар байдлаар зохицуулах ёстой вэ?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийн өөрчлөлтийн асуудлыг шийдэхийн тулд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Манайд аймгийн төвтэй ойр, жижиг сумдыг нэгтгэж байсан туршлага бий. Тухайбал Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Өлзийт, Хэрлэн сумтай нэгтгэж байсан. Ингэхдээ нэгтгэсэн сумдыг татан буулгаагүй. Тэндээ тосгоны статустайгаар шаардлагатай боловсрол, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг нь хадгалж нэгтгэсэн. Харин эрүүл мэнд, боловсрол гээд төрийн үйлчилгээ нь дийлэнхидээ аймгийн төв болон том хот руу таталцдаг жижиг сумдууд байна. Социализмийн үед 800 үнээний фермийн аж ахуйн үндэстэйгээр сум байгуулагдсан хэрнээ одоо тэрхүү аж ахуй байхгүй ч гэсэн хийсвэр байдлаар тийм сум байгаад байна. Улмаар тэдгээр жижиг сумдад чанартай боловсон хүчин очиж ажилдаггүй, ажлын байр, зах зээл хөгжих боломж муутайгаас иргэд нь үндсэндээ өөр сум, хотоос үйлчилгээ авч байгааг өөрчлөх л шаардлагатай. Ингэхдээ суурь үйлчилгээг нь хадгалах замаар нэгтгэж болно. Түүнчлэн газарзүйн байршлын хувьд ойр, дэд бүтцийн таталцал бүхий зэргэлдээх хот, суурин газруудыг цогцоор нь уялдаатай хөгжихөөр төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь Төв аймгийн Зуунмод хот болон Хөшигийн хөндий нисэх буудлын цаашдын хөгжлийн стратеги төлөвлөлтийг авч үзвэл Айросити, Зуунмод, Майдар хот төсөл болон Сэргэлэн сумын төв гэсэн суурин газрууд нь урт хугацаандаа хот байгуулалтын хувьд нэгдсэн бодлого төлөвлөлттөөр хөгжихөөс аргагүй юм.

-Засаг захиргааны хуваарийг өөрчлөхөд эрх зүйн боломж хэр байдаг вэ?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхөд босго өндөртэй байдаг. Үндсэн хуулийн дагуу тухайн сум орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал түүнд тулгуурлаад орон нутаг болоод аймгийн ИХТ-ийн шийдвэр, түүнд үндэслээд Засгийн газрын хурал санал болгосны дагуу УИХ- энэ асуудлыг шийдвэрлэнэ. Ихэнх сум одоогийн байдлаа авч үлдэх сонирхол бий. Тухайн сумын засаг захиргаанаас гадна орон нутгаас сонгогдсон төрийн түшээд ч ялгаагүй. Үүнийг цогцоор нь шиийдвэрлэхийн тулд Үндсэн хуулиндаа нэлээд өөрчлөлтийг оруулах шаардлагатай болно

-Бусад орны жишиг ямар байдаг вэ?

-Бусад оронд хот нь хөгжихийн тулд засаг захиргааны нэгжийн статустай байдаг. Түүнийг дагаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд улс нь нийслэл, аймаг, улсын зэрэглэлтэй хот, аймаг нь аймгийн зэрэглэлтэй хот болон сумдаас бүрдэнэ гэсэн зохицуулалт хийгдэхээр яригдаж байгаа. Ийм статусаар явбал Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотыг улсын зэрэглэлтэй хот бүхий засаг захиргааны бие даасан нэгж болоод явах боломжтой.

-Аймаг сумын ялгаа зааг алдагдаж, аймгаасаа том сум байх тохиолдол багагүй байна. Энэ харилцааг хэрхэн зохицуулах боломжтой гэж харж байгаа вэ?

-Ер нь аливаа сум, баг тодорхой шалгуур үзүүлэлтүүдтэй байх шаардлагатай. Бусад улс орны жишгээр засаг захиргааны нэгжийн түвшингүүд хоорондоо тодорхой газар нутгийн хэмжээ, хүн амын тооны хязгаартай шалгуур байдаг. Өөрөөр хэлбэл тухайн сум, суурин газрын эдийн засаг, хүн ам нь өсч хөгжиж томроод дээд түвшний нэгжийн хэмжээнд хүрсэн засаг захиргааны статусыг нэмэгдүүлж байдаг. Гэтэл эсрэгээрээ манайд ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүйгээс аймгаас том сум, сумаас том баг, сумаас жижиг дүүрэг, дүүргээс том хороо бий болсон. Үүнээс болж төрөөс нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд бэрхшээл тулгардаг. Зарим нэгж нь хүн амынхаа хувьд өсөөд засаг захиргааны нэгж үйл ажиллагаа нь нэгжид шилжих эрх зүй байхгүгээс болоод тэлж хөгжих нөхцөл нь бүрдэхгүй байна. Үүнийг тодорхой хэмжээгээр шалгуур үзүүлэлтээр тогтоож өгөх шаардлагатай байгаа юм. 20 мянган хүнтэй, Замын-Үүдийг бид цаашид дахинд 20, 30 жил сумаар нь хадгалаад байх уу эсвэл хилийн цаадах Эрээн шигээр стратегийн ач холбогдлыг нь харгалзан үзэж улсын зэрэглэлтэй хотоор хөгжүүлэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Жишээлбэл зарим сумын хүн амын тоо 100 дахин их, багын зөрүү үүсч байна.

-100 мянгын зөрүүтэй гэдгээ тодруулахгүй юу.Хамгийн бага хүн амтай сум нь ямар сум хэчнээн хүн амтай байна вэ?

-Хамгийн их хүн амтай сум Орхон аймгийн Баян-Өндөр. Хамгийн бага хүн амтай нь Архангай аймгийн Асгат сумын хүн ам  1 мянга хүрэхгүй байна. Гэтэл хоёулаа сум гэсэн нэг статустай.  Багийн хувьд ч ийм асуудал байгаа. Газар нутгийн хувьд ч дээрх тохиолдол үүсдэг. Тиймээс аймгийн төвүүдийг зэргэлдээх сумтай нь нэгтгээд газар нутгийн хувьд үйлдвэржүүлж, хөгжүүлэх чиг хандлагатай тавигдана. Өөрөөр хэлбэл хот байгуулалт засаг захиргааны хувьд тухайн сум суурингийн хүн ам цаашдаа өсч нэмэгдээд ирэхэд дараагийн  хот тосгоны  статусаар хөшүүрэг болгож хөгжүүлэх хэрэгтэй. Хүн амын нутагшил суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг 2020 он гэхэд боловсруулаад 2021-2030 2030-2040 гэсэн хоёр үе шатаар хэрэгжинэ. Энэ төлөвлөлтийн хугацанд 2040 онд Монгол  Улсын хүн ам одоогийн өсөлтөөрөө явахад  4,6 сая хүн амтай болно.

Г.Отгонтуяа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605461
0 эможи

keyboard_arrow_up