“Насны хишиг“-ийг наадмаас өмнө ОЛГОНО
Ахмад настны тухай хуулийн 12.2-т "65 ба түүнээс дээш настай ахмад настанд насыг регистрийн дугаарын он, сар, өдрөөр тооцон жилд 2 удаа насны хишиг олгоно" гэж заасан. 2019 оны эхний насны хишгийн мөнгийг Цагаан сарын үеэр олгосон. 2 дахь удаагийн олголтод 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон насны болзол хангасан шинээр 65 нас хүрч байгаа /1954.02.06-1954.07.15 хооронд төрсөн/ ахмадууд хамрагдах тул "Насны хишиг"-ийн өргөдлөө гаргана уу.
"Насны хишгийн мөнгийг баяр наадмаас өмнө олгоно. 65 нас хүрч байгаа хүн шинээр бүртгүүлнэ. Ингэхдээ харьяа сум, дүүргийнхээ мэргэжилтэнд иргэний үнэмлэхийн хуулбараа авч очоод хүсэлт бөглөж өгнө." гэж эх сурвалж мэдээллээ.
Өмнө нь авч байсан хүмүүс шинээр бүртгүүлэх шаардлагагүй юм байна.
- 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг,
- 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг,
- 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг,
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан байдаг.









