Хөгжиж буй орнуудын ханш тогтворжих төлөвтэй
Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш тавдугаар сард өмнөх оны эцсээс 0.06 хувиар суларч 2645.16 төгрөгт хүрлээ. Оны эхэнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт нэмэгдсэн боловч нэгдүгээр сарын дундаас эргээд чангарч, тавдугаар сарыг дуустал тогтвортой байв. Үүнд, зах зээлийн хүлээлт тогтворжсон, иргэд, аж ахуй нэгжүүдийн харилцах, хадгаламжийн хөрвөлт бага байсан, гадаад валютын урсгал цэвэр дүнгээр сайжирсан зэрэг нь голлон нөлөөллөө.
Тухайлбал, 2019 оны тавдугаар сард гадаад валютын орох урсгал өмнөх оны эцсээс 7.5 хувиар буурсан. Гэхдээ импорт өмнөх улирлаас саарсантай холбоотойгоор гарах урсгал 16.8 хувиар буурснаар банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал өмнөх оны эцсээс 87.2 сая ам.доллароор сайжирч, 55.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Нөгөө талаас, АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй, бууруулах хүлээлт зах зээл дээр бий болоод байгаа нь хөгжиж буй орнуудын ханш тогтворжиход нөлөөлж байна.
Гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн дундаж ханш 2019 оны дөрөвдүгээр сард өмнөх оны эцсээс 1.8 хувиар сул тогтлоо. Үүнд, төгрөгийн ханш юанийн эсрэг өмнөх оны эцсээс 2.4 хувиар, рублийн эсрэг 4.2 хувиар суларсан нь голлон нөлөөллөө.
Харин еврогийн эсрэг 1.4 хувиар чангараад байна. Дотоод болон гадаад үнийн зөрүүгээр тодорхойлогдох харьцангуй үнэ 2.8 хувиар өссөнөөр бодит ханш өмнөх оны эцсээс 1 хувиар чангарав.
Эх сурвалж: zindaa.mn
|









