О.Энхзаяа: О.Дөлгөөнд зориулсан хандивт 150 сая төгрөг цуглаад байна
Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын San Francisco хотын элэгний эмнэлэгт яаралтай эмчилгээнд ороод байгаа билээ
23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа юм.
Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Түүний биеийн байдал болон хандивын аяны талаар түүний эгч болох О.Энхзаяагаас тодруулга авлаа.
Түүний эгч болох О.Энхзаяа "Дүү маань АНУ-ын Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь муу, ухаангүй байгаа. Тухайн эмнэлгийнхээ хамгийн хүнд өвчтөн нь юм. Түүний комд орсон шалтгааныг элэгний B вирус биш гэсэн дүгнэлт гарсан. Бид өнгөрсөн баасан гарагт л мэдлээ. Яаралтай виз авах гээд хүсэлтээ өгчихсөн байгаа. Ярилцлагад орох цагаа л хүлээж байна. Одоо дэргэд найз охин нь сахиж байгаа.
Мөн насанд хүрсэн хүнд салхин цэцэг гэдэг өвчин маш хүнд тусдаг юм байна. Биеийн хамаг дотоод эрхтэнг үрэвсүүлж, бага зэрэг өвчлөлтэй байсан эрхтний ажиллагааг шууд зогсоодог. Бүхий л төрлийн шинжилгээг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна гэж эмч нар нь хэлсэн.
Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь өөрөө 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг болно. Ер нь эмчилгээ, хагалгааны зардал нийлээд нэг тэрбум гаруй төгрөг болох юм. Даатгалаар хөнгөлөхийг хөөцөлдөж байгаа гэсэн. Одоогоор 150 гаруй сая төгрөг цуглаад байна. Хандив цуглуулах аянг дасгалжуулагч, баг хамт олон нь маш сайн идэвхтэй зохион байгуулж байгаа." гэв










