СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд 5 хүн голд живж амиа алджээ
Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаар хөрсөн дээр цочир халсантай холбоотойгоор голын эрэг бараадах иргэдийн тоо нилээдгүй өслөө. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллага хамтран туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байгаа боловч өнгөрөгч амралтын өдрүүдэд 5 хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдлээ. Ийм төрлийн золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадвагүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.









