ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 6 сарын 23

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.06.17-2019.06.21/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ХЗДХ-ийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн” боллоо

Arslan.mn

Монгол Улсын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн” энэ онд зохион байгуулагдахтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн” 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөн нь салбарын хувьд анхдугаар гэдгээрээ онцлог бөгөөд тус салбарт ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний чиг үүрэг гүйцэтгэдэг 223 байгууллагын 25000 орчим алба хаагчдаас бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр 1174 алба хаагч ажилладгаас зөвлөгөөнд хамт олноо төлөөлж 280 оролцогч төлөөлөгч оролцсон юм.

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, хариуцлагын зөвлөгөөн боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, ёс зүй, харилцаа, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны эхний хагас жилийн сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, хариуцлага, дотоод журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсож, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий үүрэг, ажлын чиглэл өгсөн  юм.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээлэл хийлээ. 2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа нь анхаарал татаж байгааг ЦЕГ-аас онцоллоо.

Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд "Цагдаагийн байгууллагаас Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хууль бус хэрэглэх гэмт хэрэгтэй хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу тэмцэж эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын чиглэлээр хийж байгаа ажлууд болон урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлын талаар мэдээлэл өгнө.  2018 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 199 хэрэг бүртгэгдэж, 412 хүн холбогдон шалгагдсан байгаа. Харин 2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа.

89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна. Үүнээс 4.7 хувь нь насанд хүрээгүй байна. Хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч бүртгэгдэж байна." гэв.

Г.Давааням: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварна

Arslan.mn

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн талаар тодрууллаа. Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна. Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд ямар ч гаж нөлөөгүй гэх мэтчилэн бие биенийгээ хуурах асуудал их байдаг. Иймд залуучуудад хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурай, хэн нэгэн санал болгоход татгалзах бүрэн чадвартай бай. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч байна гэсэн үг.

“Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд СЭРЭМЖЛҮҮЛЭХ ТОМ САМБАРУУДЫГ БАЙРЛУУЛЛАА

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ.

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулжээ. Үүнд:

  • Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 км-т буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн 61 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг.

СБД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинэ байрны шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинэ байрны шав тавих ёслолын ажиллагаа /2019.06.17/ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, мөн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  мөн газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, гүйцэтгэгч “Ширээт баян” ХКК-ий захирал Ч.Жамбаноров нар оролцлоо.

Уг барилгын гүйцэтгэгчээр “Ширээт баян” ХХК ажиллах бөгөөд орчин үеийн шийдэл бүхий хотын өнгө үзэмжид нийцсэн, цаашид жишиг болохуйц 6 давхар барилгыг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс жагсаалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “АН-аас 2019 оны зургаадугаар сарын 11-14-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулахаар хүсэлт, мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүлээж аваад жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн байна. Татгалзан хариу өгсөн хэдий ч АН-ын зүгээс зургаадугаар сарын 10, 11-нд 11.00-12.30 минутын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл, шаардлага өгсөн ч АН энэхүү үйл ажиллагаа үргэлжлүүлсэн.

Үүний дараа АН-ын зүгээс зургаадугаар сарын 12-ны өдөр Гэрлэх ёслолын ордны талбай дээр жагсаал зохион байгуулна гэж бүртгүүлсэн ч байрлалаа өөрчлөн зөвшөөрөлгүй газар буюу Австрали Улсын ЭСЯ байрлах газар жагсаал цуглаан зохион байгуулсан. НҮБ-ын дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцод заасны дагуу аливаа улс орны дипломат харилцааны газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Шангрилла зочид буудал дотор Австрали Улсын ЭСЯ байрладаг учраас үүнтэй холбоотой асуудал үүссэн тул жагсаал зохион байгуулагчдад очиж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас очиж үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавьсан.  Зохион байгуулагч Т.Энхсайханы зүгээс хэвлэл мэдээлэлд “Хууль ёсоор жагсаал цуглаан зохион байгуулж байхад ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан нөхөр чинь цагдаа юм байна, дахин цуглаан зохион байгуулах юм бол нөхрийг чинь ажлаас нь хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гэж байна” гэдэг мэдээллүүд гаргасан.  Цагдаагийн байгууллагаас ямар ч тийм үйлдэл гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

 Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ  

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаар нийслэлээс баруун тийш орж, гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Амралтын өдрүүдээр орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотоос гарч байгаа хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын нутаг Баянхангайн нутаг буюу Улаанбаатараас 117 дахь км-т орох, гарах хөдөлгөөний өнөөдөр 18:00 цагт хөдөлгөөнийг нээнэ гэж байгаа боловч хязгаарлалтын хугацааг сунгаж магадгүй нөхцөл байдалтай байна. Мөн Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замын 70 дахь км-т замын зорчих хэсгийн нэг тал нь бүхэлдээ усанд автаж, цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.Борооны улмаас зам эвдэрч, хөрс нь суларсан байгаа учраас зөвхөн дээрх замууд гэлтгүй хотоос гарч, ордог бусад замаар зорчихдоо хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Шүлгээрээ Монгол цагдааг өмөөрч, өндөлзөх Ж.Алтангэрэлийн яруу найргын цэнгүүн боллоо

Arslan.mn

Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Эх орны цэрэг”, “Цагаан шонхор” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч, Цагдаагийн бэлтгэл хошууч, Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбооны тэргүүн Ж.Алтангэрэлийн “Монгол цагдаагийн хүүхдүүд” яруу найргийн цэнгүүн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн Сүлд чуулгын байранд боллоо. Цэнгүүнд  Сүлд чуулгын уран бүтээлчид болон урлагийн олон авъяастай төлөөлөгчид оролцож, түүний зохиол бүтээлээс сонордуулсан юм.  

ЦЕГ-аас Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны эхний хагас жилд Автобааз, Санхүү аж, ахуйн албаны Хангалт үйлчилгээний төв, Тээврийн цагдаагийн алба, Архангай, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн, гүйцэтгэлийн шалгалтыг явуулжээ.

Шалгалтын нэгдсэн дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, холбогдох нэгжүүдэд төсөв, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, нягтлан бодох бүртгэлээр тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг тус тус хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Ц.БААТАРХҮҮ: “ПАБЛО СКАБАР” олон ангит киног зогсоосон зүйл байхгүй

Arslan.mn

МҮОНРТ-ээс гарч байгаа “ПАБЛО СКАБАР” киног цацахгүй болсон гэх мэдээлэл газар авсан. Тэгвэл энэ мэдээлэл нь худал бөгөөд энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүүгээс тодруулахад  “Хэвлэл мэдээллийн байгууллагуудад  хар тамхийг сурталчилсан, өөгшүүлсэн бүтээлийг олон нийтэд үзүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Тухайн нэг киног нэр зааж зогсоосон юм  байхгүй” хэмээлээ. Тэгвэл уг киноны төгсгөлийн анги өнөөдөр цацагдах юм байна. 

ЦЕГ-гаас хар тамхины хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байх шаардлагыг   Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлсэн бөгөөд энэ шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг уриалж байна. 

Жилд автын ослоор 600 хүн АМИА АЛДААД БАЙНА

Arslan.mn

Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2018 онд 29474 ослын дуудлага ирсэнээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. "Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд маань ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж яаралгүй явахыг" анхааруулж байна.

Түүнчлэн "Иргэд, жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд бүгдээрээ гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна" хэмээн Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат онцлов.

Шөнийн цэнгээний газарт ХАР ТАМХИ хэрэглэсэн зургаан этгээдийг саатуулав

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хяналт шалгалт зохион байгуулсан байна.  Шалгалтаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэсэн зургаан  этгээдийг саатуулав. Тодруулбал,  40 хүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Б.Баатархүү: Буудуулсан гэх байлдагчийн биеийн байдал сайжирсан

Arslan.mn

2019 оны тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч А буудуулсан гэх мэдээлэл гарсан.  Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг хийсэн. Байлдагч А-г яаралтай эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал сайжирсан гэх мэдээлэл бидэнд байна.

Тухайн байлдагч гадны нөлөөтэй буудуулсан уу, амиа хорлох гэсэн оролдлого байсан уу гэдгийг тогтоох нарийн криминалистик шинжилгээ хийгдэж байгаа. Байлдагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан буу, сумны хонгио гэх мэтийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэргийг тал бүрээс нь тогтоохоор ажиллаж байгаа учраас эрүүгийн хуульд заасны дагуу тодорхой хугацаа орох байх. Үүний дараа эргээд мэдээлэх болно" гэв.

Дундговь аймаг иргэддээ хууль зүйн үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүллээ

Arslan.mn

Дундговь аймаг “Бүтээн байгуулалт- Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд хуулийн байгууллагууд хамтран “Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс” сурталчилгаа, мэдээллийн нэгдсэн өдөрлөгийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллээр хангах, Улсын бүртгэлтэй холбоотой гэрчилгээ, ял шийтгэлийн талаарх лавлагаа олгох зэрэг хууль зүйн үйлчилгээг нэг дороос хүргэж ажилласан байна. Мөн Цагдаагийн газраас үзүүлэх тоглолтуудыг хийж сонирхуулжээ.

“Супер цагдаа“ тэмцээнийг бэлтгэл хошууч А.Хүүхэндүүгийн нэрэмжит болгон явууллаа

Arslan.mn

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас нийт бие бүрэлдэхүүний дунд "Супер цагдаа" тэмцээнийг зохион байгууллаа.

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг явуулсан аж. Уг тэмцээнийг бэлтгэл хошууч А.Хүүхэндүүгийн нэрэмжит болгон албан хаагчид өөрсдийн ур чадвараа сорилоо.  Тэмцээнд алба хаагчид 11 төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, төрөл тус бүрд аваргуудаа шалгаруулснаас гадна нийлбэр дүнгээр Цогт-Овоо сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Баярбат тэргүүлж, Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Мөнхгэрэл удаалж, Ноён сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн гуравдугаар байр эзлэн "Супер цагдаа" өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цом хүртлээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар “Сахилга хариуцлагын зөвлөгөөн“ зохион байгууллаа

Arslan.mn

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 2 дугаар улирлын "Сахилга хариуцлагын зөвлөгөөн"-ийг 2019.06.19-ны өдөр сумдын хэсгийн алба хаагчид хариуцан нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөнөөс "Алба хаагчдын хамтын ажиллагаа, ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллая" уриалгыг гаргалаа.

“Орон нутгийн зам –Хөдөлгөөний соёл 2019” Завханд эхэллээ

Arslan.mn

“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр орон даяар нэг цагт зэрэг эхэлүүлсэн.
Тус аян энэ сарын 15-наас ирэх 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн гурван сарын хугацаанд үргэлжлэх юм. Аянтай холбогдуулан Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Зам тээврийн гэмт хэрэг ослын дийлэнх шалтгааныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл ашигласнаас үүдэн гардаг нь статистик судалгаагаар харагдаж байна. Иймд иргэд, олон нийт, жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг баримталж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605130
0 эможи

keyboard_arrow_up