ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.06.10-2019.06.16/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” арга хэмжээнд Оюу Толгой ХХК болон Мобиком корпорацитай хамтран ажиллана
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, “Оюу толгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК хамтран Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, “Оюу толгой” ХХК-ий гүйцэтгэх захирал Армандо Торрес, Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Ж.Сүнжидмаа, “Мобиком Корпораци” ХХК-ий ерөнхий захирал Тацуяа Хамада болон бусад албаны хүмүүс оролцов. Санамж бичгийн хүрээнд талууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллах юм.
Жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх “ЯАРААД ЯАХ ВЭ“ аяныг эхлүүллээ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд орон нутгийн замд гарч буй ослын талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуя, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм. Засгийн газрын 163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг “Яараад яах вэ” уриан дор зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.
ТӨГСӨГЧДИЙГ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо. Цолоо гардан авсан шинэхэн төгсөгчид Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав. Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино.
Э.Бөхбат: Дүрмээ биелүүлээд явдаг бол хайс хашлаганы хэрэг огт байхгүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох байгуулагуудтай (Нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар) хамтран явган зорчигчийн болон авто тээврийн аваар осол ихээр гардаг, авто замын зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна. Эл асуудлаар Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байдаг 1.1, 1,2 тэмдэглэлүүдийг зөрчиж дуртай газраараа дур мэдэн давж эргэдэг, дуртай газраараа урсгал сөрдөг.Ингээд эрхээ хасуулж, мөнгөн торгуулиар торгуульж арга хэмжээ авахуулаад байгаа. Мөн торгуулж, эрхээ хасуулахаас гадна элдэв осол хэрэгт өртөж, хэн нэг хүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг тусгаарласан хайс хашлага осол гэмтлийг бууруулахад шууд нөлөөлж байна гэж харж байна. Тоон мэдээлэл, практикаас ч харагдаж байна. Өмнө нь энэ замд осол их гараад байна, энд хүмүүс мөргүүлээд байна, энд машинууд буцаж эргээд, урсгал сөрөөд байна гэсэн газруудад хайс хашлага тавьсан. Энэ нь хүмүүсийг хүмүүсээс нь хамгаалж байгаа хамгаалалт. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна..." хэмээн онцоллоо.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдагийн ар гэрт ОРОН СУУЦНЫ дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ. Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
“ЦАГДААГИЙН АХМАДЫН НЭГ ӨДӨР“ өдөрлөг боллоо
Цагдаагийн байгууллагын ахмадын хорооноос "Цагдаагийн Ахмадын нэг өдөр" өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тус өдөрлөгт урилгаар Цагдаагийн анги, байгууллагын 150 гаруй ахмадууд оролцож дурсамж яриа өрнүүлсэнээс гадна Цагдаагийн Сүлд чуулгын хамт олон бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Ш.Шинэбаяр: Нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг
Манай улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч 2018 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "...Бусад хуультай нийцэл муутай байхаас гадна орхигдсон заалтууд нэлээд байна л даа. Жишээлбэл, хамгаалалтад авч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх төсөв мөнгөтэй холбоотой зүйл тусгагдаагүй байна. Мөн сэтгэлзүйн хамгаалалтыг авч хэрэгжүүлэх, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх хоёрыг хооронд нь ялгаж, салгаагүй гэдэг ч юм уу. Сэтгэлзүйн хамгаалалтыг хамгаалалтын арга хэмжээ гэж үзэхгүй байх жишээний. Ойлгомж муутай зохицуулалтууд байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”-г тусгайлан зохицуулсан. Хуульд зааснаар шүүгчээс хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас гадна гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах талаар тодорхой шийдвэр гаргаж болохыг хуульчилсан. Мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэрт тусгах асуудлууд, арга хэмжээг хэрхэн цуцлах, хэн хэрэгжүүлэх зэргийг нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ хуулиар зөвхөн гэрч, хохирогчоор хязгаарлагдахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид тухайлбал шинжээч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг баталгаажуулсан. Хохирогчийн эрхийн судалгааны төв гэдэг байгууллага 2010 онд нэгэн судалгаа хийсэн байдаг. Үүнд, нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг гэж дурдсан байна лээ. Тэгэхээр энэ олон хүний аюулгүй байдал, амьд явах эрхэд халдах тохиолдол их гарч байсан. Монгол Улс үндсэн хуулиараа иргэн бүрийн амьд явах эрхийн хангах үүрэгтэй. Мөн олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргүүд гэж бий. Хүний эрхийг хангах нийгмийн хэрэгцээ гарч ирсэн гэсэн үг л дээ..." гэлээ.
Хүүхдэдээ суудлын бүс зүүлгэж хамгаалахыг аминчлан захисан ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙНХАН
Ерөнхий боловсролын сургууль амарч, аялал зугаалгын улирал ирж байгаатай холбоотойгоор зам тээврийн ослоос болж хүнд бэртэх, амь насаа алдах тохиолдол эрс өсдөг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар хотоос гарч хурд мэдэн давхих “эрх чөлөө”-г хэтрүүлэн мэдэрснийхээ төлөөсөнд өөрийн болон гэр бүл, тэр дундаа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг золиосонд гаргаж байгааг цагдаагийн алба хаагчид анхаарууллаа. 2018 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 45 хүүхэд нас баржээ. Үүний 90 орчим хувь нь орон нутгийн замд ээж, аавтайгаа зорчиж яваад онхолдох, мөргөлдөхөд буруу тээвэрлэлтийн улмаас амь насаа алдсан байна. Хүүхдийн яс, бие хаа нь бэхжээгүй тул жижигхэн ослоос ч маш ихээр гэмтэл авдаг аж. Мөн цонхоор шидэгдсэн аймшигтай дүр зураглалтай олон таарсан талаар алба хаагчид хэлсэн. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 20-ноос эхлэн сарын хугацаанд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг онцгойлон дурдаж өгөхийг хүссэн. Яагаад энэ хугацааг сонгосон гэвэл зургаа, долоо, наймдугаар саруудад орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг байна. Мэдээж хэн бүхэн зуны дэлгэр цагт үр хүүхдээ авч нутаг усаараа явахыг хүснэ. Гэтэл зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм.
“Татвараа төлөөгүй ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ тусгай төхөөрөмж ашиглан илрүүлнэ“
Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж арга хэмжээ авах юм байна.
Мансууруулах бодис хадгалсан иргэнд хорих ял оноожээ
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Морфин бодисын агууламж бүхий 3 ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
“ЛОМБАРД-ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ“ сургалт, хэлэлцүүлгийг орон нутагт явуулж байна
Цагдаагийн байгууллагаас Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран 2018 онд Стандарт, хэмжил зүйн газраас 2017 онд баталсан “Барьцаалан зээлдүүлэх нийтлэг шаардлага MNS:5274-2017 стандарт”, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны 69 дүгээр тогтоолоор баталсан “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах хяналт шалгалтын ажлыг явуулж, мөн “Ломбард-эрх зүйн боловсрол” сургалт, хэлэлцүүлгийг нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 416 иргэн, хуулийн этгээдийг хамруулан зохион байгуулж батламж олгож байсан. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага 2019 онд дээрх сургалт, хэлэлцүүлгийг орон нутаг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган энэ оны 06 дугаар сараас эхлүүлж байна. Эхний сургалт, хэлэлцүүлэг энэ оны 06 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймаг зохион байгуулагдах бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барьцааны эд зүйлийн бүртгэлийн цахим сангийн талаар мэдээлэл хийж, харилцан мэдээлэл солилцож ажиллана.
Нийслэлийн цагдаагийн газраас ховор ургамлын жагсаалтад орсон 5 тонн ургамал хадгалж байсныг илрүүллээ
Тус газраас “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, ашиглах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгуулагууд Монгол Улсын хууль, журам, дүрэм, зааврын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, хууль бус эргэлтийг олж тогтоох, илрүүлэх, таслан зогсоох, учирч болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цагдаагийн газар нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төвтэй хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Уг шалгалтын явцад Налайх дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фоор бласт” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулахыг шалгахад ховор ургамлын жагсаалтад орсон “ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ” нэртэй ургамлыг 40 тонны хоёр чингэлэгт 5 тн орчим хадгалагдаж байсныг илрүүлэн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Багахангай дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хашаанд байрлах нисэх онгоцны ангорт “Талст бластинг консалтинг” ХХК нь тэсрэх бодисын түүхий эд болох “Амиакийн шүү”-г их хэмжээгээр зохих зөвшөөрөлгүй хадгалж байсныг илрүүлж, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид "Авлигын эсрэг" сургалтанд хамрагдлаа
Төв аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах зорилгоор нийт ахлагч бүрэлдэхүүнд хөтөлбөрийг гарын авлага болгон хэвлүүлэн тарааж, "Авлигын эсрэг хууль", "Ашиг сонирхлын зөрчил ба хориглолт, хязгаарлалт" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Улаанбаатар, Лүн хоорондын замын хөдөлгөөнийг түр хаалаа
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутгаар их хэмжээний хүчтэй бороо орж, хотоос 117 дахь км зорчих хэсэг эвдэрч замын байгууламжууд үерт автсан тул иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум, Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.
Төв аймаг дахь Цагдаагийн газраас “Ахлагч бүрэлдэхүүний сургалт, цугларалт”-ыг зохион байгууллаа
Төв аймаг дахь Цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн “Ахлагч бүрэлдэхүүний сургалт, цугларалт”-ыг 2019 оны 06 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнөөр Улсын Боловсролын Их сургуулийн Олон улсын Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж “Гэр бүлийн харилцаа ба үнэт зүйл”, “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг явуулав. Сургалтаар “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар ажиллахад анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагын цахим сан бүрдүүлэх, ашиглах” зэрэг сэдвээр сургалт орж шинээр батлагдан гарсан журам, эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгөв. Цугларалтаар “Ахлагч бүрэлдэхүүний сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан 5 алба хаагчид “Итгэл найдварын захидал” гардуулж, цагдаагийн газрын үйл ажиллагааг цахим хуудсаар идэвхтэй сурталчилсан харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Энхбаатарт “Батламж” хадгалуулж, сарын үндсэн цалинг 10 хувь нэмж, “Хамгийн тусч алба хаагч”-аар шалгарсан Борнуур сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Д.Зол-Эрдэнэд “Талархал” хадгалуулж, сарын үндсэн цалинг 20 хувь нэмж урамшуулав. “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав. “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Зууны манлай замын байцаагч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа А.Чумхааныг урьж нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага хийв.
Дундговь аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн хошууч Б.Түвшинбаярт хүндэтгэл үзүүллээ
Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Түвшинбаатар нь Цагдаагийн байгууллагад 1997 онд анх орж, цагдаагийн дэд ахлагчаас ахлах офицер хүртэл тасралтгүй 26 жил ажиллаж цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа тул ЦЕГ-ын "Монгол цагдаа медаль"-иар шагнагдсаныг гардуулж өглөө. Мөн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болоод ахлах байцаагч нараас х/ч Б.Түвшинбаатарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулж, цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүслээ.
Дундговь аймаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор телекамеруудыг сайжруулж байна
Дундговь аймгийн төвийн телекамерын хяналтыг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран телекамерт засвар үйлчилгээ хийж байна. Аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камеруудын хэвийн ажиллаж буй эсэх, эвдрэл гэмтэлд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд архидан согтуурах, нийгмийн хэв журам зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гудамж талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, Нийслэлийн засаг даргын дэргэдэх "Нийгмийн хамгааллын тусгай тѳвтэй" хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байна.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс барилгын ажилд ХАБ, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаад шалгалт хийж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж байна. Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтийг үзэхэд нийт 3812 үйлдвэрлэлийн осолд 4190 хүн өртсөний 1835 нь хүнд гэмтсэн бол 1673 хүн хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн 2018 онд гэхэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас 41 гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх буюу 56,1% нь барилга дээрээс унаж гэмтсэн гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн шалгалтанд нийт 9 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд барилгын гадна орчинд мэдээлэх самбар, талбайн зохион байгуулалтын зурагт самбар байршуулаагүй, гүй барилгын ажилчдад ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл олгох техникийн нөхцөлийг бүрдүүлээгүй, ХАБ-ын инженер өдөр тутмын зааварчилга өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Завхан аймаг дахь цагдаагийн газраас "Бяцхан зорчигч" аяны хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна
Завхан аймаг дахь Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 1-5 дугаар ангийн сурагч, хүүхдүүдэд зуны амралтаараа тээврийн хэрэгслээр зорчихдоо ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ хэрэглэж аюулгүй байдлаа хангаж оролцох талаар сургалт зохион байгууллаа. Аяны хүрээнд холбогдох ажлууд үргэлжлэн хийгдэнэ.