Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх ХҮҮХЭД НАСЫГ хөдөлмөр эрхлэхэд зориулах ЁСГҮЙ
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг.
ОУХБ-ын анхны Ерөнхий захирал Алберт Томас: "Хүүхэд насандаа мөлжлөгт өртсөн хүний зүрх сэтгэлд хамгийн гүн шарх үлддэг хор уршигтай.”
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийн үйл ажиллагааг улс орнуудын Засгийн газар, ажил олгогчдын болон ажилчдын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар ажилладаг бусад олон байгууллага дэмжиж ажилладаг. Бид та бүхнийг энэхүү өдрийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг урьж байна. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлээрэй.
Үндэсний статистикийн хорооноос 2006-2007 онд явуулсан "Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан"-гаас үзэхэд Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 11,5 хувь буюу 71330 хүүхэд ажил эрхэлж байна. Хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин 2002-2003 оны байдлаар 10,1 хувь байснаа 2006-2007 онд 11,5 хувьд хүрч өссөн байна.
Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцогч, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1,6 хувь нь зохих цалин хөлстэй оролцогч хэлбэрээр ажил эрхэлж байна.
Мөн нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна.









