Э.Мөнх-Очир: Хар тамхи тээвэрлэж байсан хоёр төлөөлөгч надтай эхэлж холбогдсон
Монгол Улсыг төлөөлж хоёр орны дипломат харилцааг чухалчлан ажиллах ёстой Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий нийтэд манай улсыг итгэл даах харилцагч мөн эсэхэд, Монголын дипломат албаны ажилтнуудыг үнэнч шударгаар ажиллаж чадах эсэхэд эргэлзэхүйц түм буман асуултыг тавихад хүргэлээ.
Учир нь, хэдийгээр хар тамхи тээвэрлэсэн л бол ямар хэмжээний их, багыг ярихгүйгээр хариуцлага яригдах ёстой ч энэ удаад гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсан гэж бодохоор бүүр ч аймшигтай. Тэгвэл энэ асуудлаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очираас тодруулга авлаа.
БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир "Уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм үйл явдал болсонд харамсаж байна. Б.Баттүшиг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн. Долдугаар сарын 1-нд томилогдсон. Найман сард ирсэн. ЕКГ-т жолооч гэж байдаггүй юмаа. Аж ахуйн дарга гэж ирсэн. Хааяа жолоо барих юм байна. Би тэргээ өөрөө барьдаг байсан.
Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн улсын ДК дугаар авч болдог. Та нараас нэг юм хүсье. Хэрэг нь шалгагдаж байна. Таамаг хэрэггүй. Германд саатуулагдангуутаа над руу ярьсан нь үнэн. Би энд байсан. Би Германд Элчин сайд Ганбат руу ярьж, анхаарал хандуулаарай гэж хэлсэн." гэв.
Э.Мөнх-Очир нь БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны тушаалаар чөлөөлөгдөж, дөрөвдүгээр сарын 3-нд эх орондоо ирээд байсан юм.









