Хуульчийн мэргэжлийн шалгалтын БҮРТГЭЛ эхэллээ
Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21,22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2019 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагт эхэлж, 2019 оны долдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байх юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn, https://burtgel.mglbar.mn/ цахим хаягт хандан мэдээлэл авах боломжтой.
2017 онд уг шалгалтыг 998 эрх зүйч өгснөөс 229 нь тэнцэж, 2018 онд 1005 эрх зүйч өгснөөс 240 эрх зүйч тэнцсэн байна.









