М.Гарди: Нэг өдрийн дотор 2649 зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлсэн
Өнөөдөр Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлсэн талаар болон хяналтын камераар илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл, ухамсар, хандлагыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү аппликейшн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид торгууль оногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох зориулалт бүхий програм юм. Уг аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээллийг авч байгаа ажээ.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч М.Гарди:
"Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний сахилга соёлыг дээшлүүлэх, Замын хөдөлгөөний зөрчлийг иргэдийн оролцоотойгоор илрүүлэх “E-POLICE” аппликэйшныг нэвтрүүллээ. Энэ аппликэйшныг нэвтрүүлснээс хойш иргэдээс 7000 гаруй зөрчлийн мэдээллийг хүлээн авч шалган 4000 гаруй зөрчилд торгууль ногдуулаад байна.
Улаанбаатар хотод өдөрт нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил 3000-5000, хурд хэтрүүлсэн зөрчил 500-1000 орчим гардаг. Зөвхөн өчигдөр л гэхэд 2649 зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлсэн." гэв.
Харин иргэдийн зүгээс “E-POLICE” аппликэйшнаар дамжуулан зөрчлийг мэдээлэхийн тулд гурван зураг явуулах хэрэгтэй аж. Тодруулбал зөрчил гарсан орчныг маш сайн харуулсан зураг байж зөрчлийн арга хэмжээ тооцох аж.
ТА БҮХЭН "E-POLICE" АППЛИКЭШНИЙГ АШИГЛАН ДАРААХ ЗӨРЧЛҮҮДИЙГ МЭДЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ.
- Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг тэмдэглэл зөрчсөн
- Явган хүний зам, гарч, ногоон байгууламж дээр зогссон
- Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан
- Урсгал сөрсөн
- Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийшээ эргэсэн, буцаж эргэсэн
- Эгнээ байр буруу эзэлсэн
- Гэрлэн дохио зөрчсөн
- Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан
- Утаа хэт ихээр ялгаруулсан / бүрэн бус/
Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?
Уг аппликейшнийг хэрэглэгчдэд маш хялбар, аль болох үйлдэл багатай байхаар тооцоолж хөгжүүлэлтийг хийсэн. Андройд болон iOS утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа бүртгүүлж, системээс ирсэн кодыг оруулснаар шууд ашиглах боломжтой.
Зөрчлийг гар утас болон ухаалаг төхөөрөмж дээрх татаж авсан аппликейшнийг ашиглан 3 хүртэлх зургаар баримтжуулж илгээх боломжтой ба холбогдох алба хаагчид тухайн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, гарцаагүй баримтаар торгууль оногдуулж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх юм. Өөрөөр хэлбэл зөрчлийн шийдвэрлэлтийг та өөрөө хянах боломжтой гэсэн үг.









