Ц.Эрдэнэбаяр: Зургадугаар сарын сүүлээр шатахууны үнэ 50 төгрөгөөр буурна
Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Өнөөдрийн хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл мөн шатахуун импортлогч 19 газрын төлөөлөл иржээ. Цаашид шатахууны үнэ буурах эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газрын /АМГТГ/ орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өглөө. Тэрбээр “ Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 заалтын дагуу төрийн захиргааны байгууллага импортоор орж ирдэг бүтээгдэхүүн дээр хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу АМГТГ-аас тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой. Хэрэв ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана. Харин зургадугаар сард тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна. Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг." гэв.









