ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 6 сарын 02

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.05.27-2019.06.01/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны төлөөлөгчид ЦЕГ-т ажлын айлчлал хийлээ

Arslan.mn

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах яамны итгэмжилсэн төлөөлөгч, ӨМӨЗО-ны НАХТ-ийн дарга  Хэн Шиао Фань тэргүүтэй  төлөөлөгчид  Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ. Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс оролцлоо. Айлчлалын үеэр Хар тамхитай тэмцэх газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

“ЗӨВ ТУСГАЛ” аяны хаалтын арга хэмжээнд 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцлоо

Arslan.mn

2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас хүүхдийн хүмүүжил, хамгаалал, хөгжлийн төлөө “Зөв тусгал” аяныг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулж, тавдугаар сарын 29-нд хаалтаа хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцож, дуу хоолойгоо нэгтгэлээ. Дашрамд дурдахад цагдаагийн байгуллагаас "хүүхэд"-ийн төлөө хийж буй 6 дахь аян ийнхүү хаалтаа хийлээ. Энэхүү аяныг зохион байгуулснаар нийгэмд, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй учир шалтгааныг олон нийтэд таниулах зорилготой байв. 

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: УИХ-ын гишүүн Б.Бямбацогт: Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан "Unfriend" шиг аяныг бусад төрийн байгууллагууд зохион байгуулж баймаар байна

Arslan.mn

“Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал “Монгол Улсад бүртгэгдсэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавив. Тэрээр "улсын хэмжээнд 2018 онд 36,220 гэмт хэрэг бүртгэгдсэний 1,657 буюу 4.6 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байна. Хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оноос 35 буюу 2.1 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 2018 онд 1,688 хүүхэд хохирсныг өмнөх онтой харьцуулахад 69 буюу 3.9 хувиар буурсан бол хохирсон хүүхдийн 780 нь эмэгтэй, 908 нь эрэгтэй байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 62 буюу 22.5 хувь нь эмэгтэй, согтуугаар гэмт хэрэгт холбогдсон 5, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогдсон 47 хүүхэд байна" хэмээн мэдээлэл өглөө. Нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Бямбацогт хэлэхдээ Цагдаагийн байгууллагаас явуулсан Unfriend шиг томоохон урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бусад байгууллагууд ч гэсэн зохион байгуулж баймаар байна. Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой аливаа гэмт хэрэг цахим орчны буруу хэрэглээнээс үүдэлтэй байгааг бид тоон үзүүлэлтүүдээс харж болно гэлээ. 

  1200 хүүхдийн ёслолын жагсаалыг зохион байгууллаа

Arslan.mn

ЦЕГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан  6-р сарын 1-ний өдөр  Төмөр замын дээд сургуулиас Улаанбаатар палас хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаалыг зохион байгууллаа.

 "Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2019-2023он) ”Тээврийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх  зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иймд хүндэт эцэг, эх ,асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хууль, дүрмэнд заасны дагуу заавал харгалзах хүнтэй оролцуулах, харгалзах хүн нь хүүхдийг  хөтөлж /үүрэх, тэврэх/  тээврийн хэрэгсэлд тээвэрлэх үедээ биеийн өсөлтөд тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хэрэгслэл,болон суудлын бүсийг зохих дүрэм журмын дагуу зөв  хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

П.Болормаа: Хүүхэдтэйгээ багаас нь ярилцаж байх нь ирээдүйн төлөвшилд нь нөлөөлнө

Arslan.mn

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлсэн “Зөв тусгал” аян сарын хугацаанд үргэлжиллээ. Хүүхдээ сонсоё, хүүхэдтэйгээ ярилцая, хүүхэддээ цаг гаргая, хүүхдээ ойлгоё гэх мессэжүүдийг нийгэмд хүргэхийг зорьсон тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Зөв тусгал аяны хүрээнд “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Нийгэмд дандаа сөрөг хар бараан мэдээллийг олон нийт түлхүү авч байна. Тэгвэл энэ байдлаа өөрчилж, мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг сэтгүүлч нар хүүхдийн төлөө дандаа эерэг мэдээллийг түгээе гэсэн уриан дор сэтгүүлчдэд сургалт мэдээллийг хийсэн. Хэлэлцүүлгээ жилийн дараа дүгнэх саналыг гаргасан. Ямар сэтгүүлч хүүхдэд эерэг зөв мэдээлэл , хүмүүжлийн эерэг мэдээллийг түгээсэн сэтгүүлч байсан бэ гэдгийг шалгаруулах юм. МөнТөрийн ордонд 800 эцэг, эх асран хамгаалагч нарыг оролцуулаад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт  хэлэлцүүлэг уулзалтыг  зохион байгуулсан. Үүний зорилго нь томчууд бид өөрсдөө зөв үйлдэл хийж, зөв хүн байж хүүхдүүддээ үлгэрлэе. Үгээр биш үйлдлээрээ үлгэрлэж, томчуудын сөрөг хандлагаас шалтгаалж гэмт хэргийн хохирогч болж, гэмт хэрэг үйлдэж байна. Тэгэхээр хандлагыг өөрчлөх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан..." гэлээ. 

ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Дотоод цэргийн штаб хоорондын хамтын ажиллагааг сайжруулна

Arslan.mn

Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штабтай хамтран Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хамгаалалтын ажилтны холбоо зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуусан “Улсын онц чухал объектын хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал  зохион байгууллаа. Энэ үеэр “Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штаб хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”  байгуулсан юм. 

Хүүхдийн баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэлээ

Arslan.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд болон НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ. Зургаадугаар сарын 1-ний өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэх талаар мэдээлэл өглөө. 

Б.МӨНХЖАРГАЛ: Сүүлийн 5 жилд 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр СЭМҮТ-д ханджээ

Arslan.mn

Цахим тоглоомын замбараагүй хэрэглээний талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрээр ярилцлагандааы "...Нийслэл хотын хэмжээнд цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 302 иргэн, аж ахуйн нэгж байна. Бид үзлэг, шалгалтын ажлыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран тасралтгүй зохион явуулж байна. Улирал бүр энэ чиглэлийн нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт хийдэг. 2019 оны хувьд өнгөрсөн хоёрдугаар сард 14 хоногийн хугацаатай “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан. Хоёрдугаар улирлын үзлэг шалгалтыг мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-аас МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цогц шалгалтыг зохион байгууллаа. Гэхдээ энэ бүхнээр шалгалтын ажил дуусдаггүй. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд өдөр тутам энэ чиглэлийн шалгалтыг өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Цагийн хувиар хэтрүүлсэн 20, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн найм, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн долоо, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 19 нийт 54 зөрчлийг илрүүлсэн. 157 иргэнийг 5 сая 720 мянган төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг зогсоосон..."хэмээн онцоллоо. 

Хүүхдийн баяраар 405 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Arslan.mn

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны 405 алба хаагч 320 цэгт үүрэг гүйцэтгэж,  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зохицуулалт хийж ажиллалаа. Мөн Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярын өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалан  ажилласан юм.  Зайлшгүй тээврийн хэрэгслээ унах шаардлагатай бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав. 

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудыг шалгаж байна

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ө.Нармандахаас гэрээт харуул, хамгаалалтын албаны тухай болон тэдгээрт хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл авлаа. Тэрээр ярилцлагандаа "...Цагдаагийн байгууллагаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг арга хэмжээ 2019 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд хяналт шалгалтын ажиллагааг ажлын 21 хоногт багтааж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналт гэсэн үндсэн гурван чиглэлээр шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Харуул хамгаалалтын байгууллагуудад шалгалт хийхэд нийтлэг хэд хэдэн зөрчил дутагдал илэрч байна. Нэгдүгээрт, Цагдаагийн байгууллагаас олгодог Харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан. Сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь тавиагүй мөртлөө зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаарт, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог харуул хамгаалалтын албанд ашиглагддаг Радио давтамжийн үелзэл ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан байхад сунгаагүй мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Үүнээс гадна боловсон хүчинтэй холбоотой асуудлууд маш их байна..." гэлээ. 

Хүүхдийн баяраар төөрсөн хүүдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө

Arslan.mn

Жил бүрийн Хүүхдийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг газар бол Цагдаагийн байгууллага. Энэ жилийн хувьд мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг өчигдөрийн байдлаар хүлээлгэн ѳгч ажиллалаа. Мөн энэ үеэр хүүхдүүдэд утасны дугаартай гарын бугуйвч зүүж өгөв . 

ТЦА-аас хамгаалалтын бүсийг зѳв зохистой хэрэглэж буй БЯЦХАН ЗОРЧИГЧ нарыг баярлууллаа

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны СХД дэх Замын цагдаагийн хэлтэс, MGL Cement& Consulting ХХК-тай хамтран "Бяцхан зорчигч" аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийг тохиолдуулан хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг зѳв зохистой хэрэглэж байгаа БЯЦХАН ЗОРЧИГЧ нарт бэлэг барилаа.

Тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа

Arslan.mn

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бяцхан үрсээ хүндэтгэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллалаа.

ЦЕГ-ын төв байрны алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу төв байрны алба хаагчдын дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд төв байрны алба хаагчдын 14 баг оролцлоо.

Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын Нэгдсэн төвд галт зэвсгийн сургалт явуулж байна

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 дугаар тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус тус баталж, Улаанбаатар хотод Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, аймагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хариуцан зохион байгуулахаар заасан юм.  Тус төв нь сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 хоногийн хугацаатай танхимын болон дадлага хэлбэрээр зохион явуулж байна.

ТЦА-ны “Чадварлаг алба хаагч”-аар цагдаагийн ахмад Т.Заяасайхан шалгарлаа

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр зохион байгуулж байгаа “Чадварлаг алба хаагч” шалгарууллаа. Энэ удаа Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Т.Заяасайхан Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 05 дугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар шалгарлаа.

ТЦА-наас “Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилт-2030“ чуулганд оролцлоо

Arslan.mn

"Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилт-2030" салбар хоорондын үндэсний чуулган 5 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Тус чуулганд Тээврийн цагдаагийн алба оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажил, зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдлын тоо баримт болон энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.

ЗҮРХ МАРТАХГҮЙ

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулж, Эрүүгийн цагдаагийн тагнуулын шинэ чиглэл мэргэжлийг буй болгосон Ц.Жамьянсэнгээ хурандаагийн тухай дурсамжийг олон нийтэд хүргэлээ. Тэрбээр, Монголын цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, улсын прокурорын газрын ажлыг сайжруулах, хууль ёсыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд Ц.Жамьянсэнгээ бүхий л авьяас чадвараа дайчлан ажилласан цагдаагийн байгууллагын нэртэй дарга нарын нэг. Түүний гэмт хэрэг илрүүлсэн талаар домог мэт яриа олон байдаг билээ.

Төв аймгийн Цагдаагийн газраас зарим алба хаагчдад цагдаагийн ахлагч цол олголоо

Arslan.mn

Төв Аймгийн Цагдаагийн газрын даргын б/116 дугаар тушаалаар тус газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Ганзориг, харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Түмэн-Өлзий, Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гантулга нарт хугацааны цагдаагийн ахлагч цол олголоо. 

Дотоодын цэргийн штабаас уулзалт зохион байгууллаа 

Arslan.mn

Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу  05, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын алба хаагчдаас санал асуулга авч, шийдвэрлэх талаар уулзалт зохион байгууллаа.  

ХЗДХЯ-аас гэрч хохирогч, хүүхэд хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа

Arslan.mn

Хууль зүй, Дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр болж байгаагаараа онцлогтой. Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс 2018 онд  насанд хүрээгүй гэрч-1, хохирогч-9, хамаарал бүхий этгээд зургааг тус тус хуулийн хүрээнд хамгаалж ажилласан байна. Харин 2019 оны 05 дугаар сарын 30 ны байдлаар 10 хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах газар байрлуулах болон биечлэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Тус хэлтсээс хүүхдийг хамгаалахдаа эцэг эх, хууль ёсны төлөөлөгчийг хамтад нь хамгаалдаг.

Ука, Thunder нарын шинэ клипийг 450000 хүн үзээд байна 

Arslan.mn

Сүүлийн үед реппер Thunder нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай уран бүтээлүүд хийсээр байгаа билээ. Монгол улсын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй "ЗӨВ ТУСГАЛ" аяны сүлд дууг “Хоёулаа дахиж муудахгүй шүү” реппер Thunder зохиож, дуучин Uka-тай хамтран дуулсан. Тэгвэл тавдугаар сарын тавдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн энэхүү дууг долоо хоногийн дотор 450000 хүн үзсэн байна.

ТАЛАРХАЛ: Хүүхдийн баяраар Цагдаагийн алба хаагчид сайн ажиллалаа хэмээн иргэдээс талархал илэрхийлэв

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаагийн байгууллагаасөндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төөрсөн олон хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, тогтмол мэдээ, мэдээлэл, өгч, аливаа хэхэг зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Баярын өдрөөр хариуцлагатай, сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж буй нийт алба хаагчдад олон нийт, иргэдийн зүгээс талархаснаа илэрхийлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604247
11 эможи

keyboard_arrow_up