Өнөөдөр тамхигүй өдөр
Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.
Нэг ширхэг тамхинд 15-20 мг никотин байж, мөн нэг ширхэг тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгалдаг. 50-60 мг никотин нь хүнийг шууд үхэлд хүргэдэг аюултай юм. Дэлхийд хамгийн их хүн тамхи татдаг улсуудын тоонд БНХАУ, Беларусь, ОХУ ордог байна.
Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байна. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн гэсэн тоо бий.









