ШӨХТГ: Шатахууны үнийг шалтгаангүйгээр НЭМСЭН
ШӨХТГ-аас шатахууны үнэ, махны үнэ, сурагчдын үдийн цай зэрэг асуудлуудаар мэдээлэл хийлээ. 2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болжээ. Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол байжээ.
Мөн шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас 17 аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар шатахуун түгээх станцууд үнийг шалтгаангүй нэмснийг тогтоожээ.
Шалгалтыг өнгөрсөн 3-р сарын үнийг одоо байгаа үнэ болон ОХУ-ын үнэтэй харьцуулан гаргажээ. Доорх харьцуулалтаас үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна гэж үзжээ.
2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:
- А-80 автобензин 1763 төгрөг/литр,
- Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,
- Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч
2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:
- А-80 автобензин 1875 төгрөг/литр,
- Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,
- Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.
2019 оны 4 дүгээр сард ОХУ-ын “Роснефть” компанийн хилийн үнэ:
- А-80 автобензин 613 ам. доллар/тн,
- АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,
- Дизель түлш 623 ам.доллар/тн байсан бөгөөд
2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:
- А-80 автобензин 665 ам. доллар/тн,
- АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,
- Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52 ам.доллар-аар өсчээ.









