НӨАТ-ын тухай ТАВАН ҮГ
Одоогоос 6-7 жилийн өмнө НӨАТ-ын тухай “Нэмэгдсэн өртгийн татварыг нэгмөр ойлгоё” гээд л бичиж байж.
(Өнөөдөр сонин 2007.05.09 №108 Бүрэн эх нь http://oyunchimega.blogspot.com/2011/08/blog-post... -д бий ).
НӨАТ-ын хуулиндаа өөрчлөлт оруулахаар ярьж буй өнөөдөр ч НӨАТ-ын тухай нэгдсэн ойлголт алгадаа манайд. Ингэж хэлэхийн өмнө энэ тухай бичигсдийн олон материал уншлаа. Дээрхийг бичиж байх үеийг минь бодвол “иргэн би НӨАТ гэдэг татвар төлдөг” гэдгээ бүгд шахам мэддэг болжээ. Гэсэн ч ... манайдаа л гайгүйд тооцогддог бүртгэлийн аутсорсинг, зөвлөх үйлчилгээ өгдөг компанийн сайтад хүртэл андуутай ойлголт явж л байх. Үгүй ээ энэ чинь, бид энэ татварын мөн чанарыг зөв ойлгож, тайлбарлахгүй бол хэн ойлгох вэ, аан?
Ингээд дахин нэг оролдохоор шийдэв.
Ойлгомжтой болгох үүднээс хялбарчлаж ерөнхий 2 нөхцөл авья.
А) Бүх бизнэс эрхлэгч аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын тооцоо хийдэг гэе. (Тооцоо хийдэг шүү – НӨАТөлөгч гэдэг буруу нэршил)
Б) Бүх төрлийн бизнэс эрхэлдэг, өөрөөр хэлбэл нэмүү өртөг бүтээдэг хүмүүс (худалдаачин ч ялгаагүй үйлчилгээгээрээ нэмүү өртөг бүтээгч мөн) түүний дотор, ТҮЦ ажиллуулагчийг ч татварын тайлан гаргадаг, аж ахуйн нэгж гэж төсөөлье. Улмаар татварын тайлан гаргадаг учраас дээрх А нөхцөлөөр НӨАТ-ийн тооцоо хийгч болж таарна.
Одоо 2 тодорхойлолт хэлье
1. НӨАТ бол нэмэгдсэн өртгийн л албан татвар. Дахиад хялбарчлая. Хэрэв бүх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид тухайн онд үйлдвэрлэсэн, зарж борлуулахаар, эсвэл үйлдвэрлэлд хэрэглэхээр импортолсон зүйлсээ бүгдийг нь мөн ондоо хэрэглээд, борлуулчихсан бол төсөвт хуримтлагдаж буй НӨАТ-ын дүн нь ДНБ-нээс экспортод гаргасан барааг хассан дүнгийн 10%-тай тэнцэнэ гэж төсөөлж болно. Учир нь ДНБ бол тухайн жилд манай улсад буй болсон НЭМЭГДСЭН ӨРТГИЙН ДҮН бөгөөд харин экспортод гарсан бүтээгдэхүүний НӨАТ нь хуулиараа “тэг” –тэй тэнцүү байдаг учраас. (Энэ “0”- гийн тухай хойно бас яринаа).
2. НӨАТ бол эцсийн хэрэглэгчийн л татвар. Эцсийн хэрэглэгч бол хүн л байдаг, учир нь аль ч нийгмийн бүх баялаг зөвхөн “хүн” гээч бодгалийн хүсэл хэрэгцээг л хангахад чиглэгдэж байдаг аж. За тийм, НЭМҮҮ ӨРТӨГ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ, аж ахуйн бус (төр болоод төрийн бус) байгууллагууд нэмүү өртөг үйлдвэрлэгчээс авсан бараа үйлчилгээндээ (ширээ сандал, бичгийн цаас, цахилгаан, дулаан гэх мэт) бас НӨАТ төлнө л дөө.
Дээр 2 тодорхойлолтоос дараах дүгнэлт гарна: Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нь өөр, өөрийн үе шатандаа нэмүү өртгийг бий болгож нэмсээр эцсийн хэрэглэгчид хүргэдэг. Харин тэр бий болгосон нэмүү өртгийг нь ХЭРЭГЛЭГЧ-ХҮН худалдан авах үедээ 10%-ийн татварыг “төсөвт төлчөөрэй” гээд нэмж өгдөг. Ийм замаар бид төсвийн орлогыг бүрдүүлэлцэж төр улсаа оршин тогтнож, нийтийн хэрэглээний зүйлс болох, зам талбай, эмнэлэг, сургууль, хууль, хяналт, цагдаа, цэрэг, хил гааль оршин байх үндсийг бий болгодог. Мэдээж НӨАТ-аас өөр бас татварууд бий л дээ. Гэхдээ л НӨАТ өндөр үүрэгтэй.
Одоо ид моод болоод байгаа БУЦААН АВАЛТын тухай ярья
Хэн НӨАТ буцааж авдаг бэ? Үйлдвэрлэлийн материал түүхий эдээ цуглуулах эсвэл дамнуулан худалдах бараагаа бэлтгэх үедээ бусдад (бусад НӨАТ-ын тооцоо хийгчид) юм уу, Монгол Улсын хил гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирэх үедээ төсөвт түр, урдчилаад төлчихсөн НӨАТ нь борлуулсан бараа үйлчилгээнийх нь НӨАТ-аас давсан, НӨАТ-ын тооцоо хийгч илүүдсэн зөрүүгээ төсвөөс буцаан авах эрхтэй. Ийм байдал ерөнхийдөө 2 тохиолдолд үүснэ. Нэг нь, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч их хэмжээний материал түүхий эд бэлтгэсэн, бараа бүтээгдэхүүнээ борлуулж амжаагүй байгаа үед, нөгөө нь дээр хэлсэнчлэн бараа бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд биш, гадаадад нийлүүлсэн буюу экспортод гаргасан үед ихэвчлэн үүснэ. Өөрөөр хэлбэл хэзээ ч эцсийн хэрэглэгч байдаггүй аж ахуйн нэгж л НӨАТ буцаан авах нөхцөл бүрддэг гэсэн үг.
Харин иргэд яг эдэн шиг, аж ахуйн нэгж шиг, хэрэглээндээ төлсөн НӨАТ-аа буцаан авдаг юм уу? Уг нь үгүй юмаа.
Тиймээ бид, гадны оронд ороод гарахдаа авсан барааныхаа чекийг цуглуулж байгаад, ер нь бол барааг нь үзүүлж байгаад яг хил дээр, тухайн орноос гарах нь тодорхой болсон үедээ, тухайн улс оронд төлсөн НӨАТ-аа буцаан авдаг. Учир нь энэ тохиолдолд та, эсвэл би ЭКСПОРТЛОГЧ болчихдог. Харин экспорт ихэнхдээ л нэмэгдсэн өртгийн “0” (тэг) татвартай байдаг. Харин барааг нь үзүүлж чадахгүй, тухайн оронд нь идэж уугаад, өмсч эдлээд дуусгачихсан бол “уучлаарай”, та хичнээн чек үзүүлээд ч таньд НӨАТ-ыг буцааж өгөхгүй л дээ.
Үүнийг л манай зарим хүмүүс хольж хутгаад, бусад оронд иргэд буюу эцсийн хэрэглэгч төлсөн НӨАТ-аа буцааж авдаг гэж андуураад байх шиг.
Одоо харин бас нэг чухал өнцөг, НӨАТ-ын бүртгэлийн үүргийн талаар ярилцацгаая
НӨАТ нь аж ахуйн нэгж ашиг олсон үгүйтэй ер хамаагүй. Чи борлуулалт хийсэн л бол, худалдан авагчаас НӨАТ авсан. Тиймээс төсөвт түүнийг нь төл, гүйцээ. Би дээр хялбарчилж байгаад хэлсэн дээ, НӨАТ болоод ДНБ-ний уялдаа холбооны тухай. Үүгээр дамжуулан бүх л борлуулалтыг хянаж болж байна.
Ер нь бол эцсийн хэрэглэгчийн төлсөн 10%-ийн татварын 1%-ийг ч юм уу буцаан олгох замаар, орлогынхоо нэг хэсгийг үл мэдүүлж, нуудаг компаниудын далд орлогыг илрүүлнэ гэж байгаа юм байна л даа. Магадгүй л юм, хэн мэдлээ. 2007 оны татварын шинчлэлээс хойш ихэнхи компани давхар бүртгэл хөтөлж, татвараас зугтаадагаа больсон л гэж боддог. Хууль хэрэгжиж эхэлсэн он жилүүд, “уучлаарай” тайлангийн дараах он жилүүдийн татварын тоо хэмжээг харахаар тэгж л бодогддог юм. Би хувьдаа 3 тэрбум хүртлэх ашигтаа 10%-ийн татвар төлөхдөө “арчаагүйтдэг” бизнэсменүүд ховордоо л гэж боддог. Түүнээс дээшихэд нь төлж буй 25% ч боломжийн л зүйл. 100 саяас дээшхид төлдөг байсан 30-40%-тай ч адилгүй шүү!
Ямартаа ч иргэдийн тусламжтай хянаж буцаан олгохоор төлөвлөж байж болох 1-2% нь аж ахуйн нэгж урдчилж төлсөн татвараа буцаан бүгдийг нь авдаг, иргэн бусад орноос гарахдаа хил гааль дээр буцаан авдаг VAT-ээс огт өөр зорилготой зүйл юм.
Арга нь зорилгодоо нийцэж чадаж байвал болж л байна. Ухаандаа та бидэнд 1-2%-ийг эргүүлэн өгснөөр бүртгэлгүй байсан өчнөөн бизнэс, далд эдийн засгийг илрүүлээд энэ зорилгоор зарсан зардлаа (хэд юм бол?) бидэнд буцаан олгож буй 1-2%-тайгаа хэд нугалаад олчихож чадаж байвал БРАВО! л гэе.
Нэг асуулт байгаа нь ерөөсөө бүртгэл ч үгүй наймаа хийдэг нөхдүүд яах вэ? Том томоор, тэрбум тэрбумаар эргэлдүүлдэг мөнгөний сураг дуулдах?! Кассын машингүй, гараас зардаг өчнөөн захынхан яах вэ? Тэд бидэнд чек өгөхгүй, бидний картыг уншуулахгүй. Их сайндаа л "маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэж хэлээд НӨАТ-тай байдаг үнээс 2-3%-иар хөнгөлөөд л өгчихнө биш үү? Тэгээд бид чинь, монголчууд чинь, “цагдаа л хараагүй бол улаан гэрлээр ордог” жаахан “тиймхэн” сэтгэлгээтэй л хүмүүс гээд байгаам даа.
Дашрамд нь НӨАТ-н шатлалын тухай санаагаа хэлсүү.
Сар болгон падаан шивж, тайлан аваачиж өгөх гэж өчнөөн төвөг болдгийг нь болохоор хөөрхий “багачуулыг” чөлөөлчихсөн нь дээр ч юм шиг.
Гэтэл НӨАТ-ын тооцоо хийдэггүй, НӨАТ-ын падаан эзэмшдэггүй бэлтгэн нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн авахыг ямар ч “ТОМ” хүсэхгүй. Учир нь бизнэс эрхлэгч худалдан авалтад төлсөн НӨАТ-аа борлуулалтынхаа НӨАТ-аас хасч тооцох хүсэлтэй. Тэгэхээр жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн томоохон харилцагч-худалдан авагч нар нь алга болчихож байгаа юм. Ингэхээр ЖДҮ өсч хөгжих үү? Аль эсвэл, тэрүүхэн тэндээ жижиглэн худалдаа хийсэн шиг, бараг л амиа аргацаасан аж ахуй маягтай хэвээрээ үлдэх үү?
Уг нь бас, .. ийм ч биш л дээ. Хэрэвзээ ЖДҮгч буюу НӨАТ тооцдоггүй этгээд бараагаа, НӨАТ тооцдог этгээдийн үнээс 10% доогуур үнээр өгчихөж чаддаг л юм бол ТОМд ямар ч ялгаагүй, ямар ч алдагдалгүй л дээ. Бэлтгэн нийлүүлэгчид төлөх, төсөвт төлөх хоёрт ялгаа байхгүй. Харин ч төсөвт хэд хоногийн хойно төлөх магадлалтай. Гэхдээ л НӨАТын падаан олоод хасуулчих гээд “шунаг царайлдаг” буруу бодлого нь хэчнээн ч барилгын компанийг хэрэгт чирэв дээ...
НӨАТ-ын тухай санаа бодол нэг иймэрхүү. Бусад татварын тухай ч ярих юм байх уг нь. Дараа больё доо.
Эх сурвалж: Аюурын Оюунчимэг http://oyunchimega.blogspot.com/
|









