Номин холдингийнхон бусдын амь нас, эрүүл мэндэд ЗАНАЛХИЙЛСЭН ҮҮ?
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар байрны урд орших ногоон байгууламж бүхий газрыг эрхэм Су.Батболд гуай хотын захирагч байхдаа Номин Холдинг ХХК-д олгочихож. Номин холдинг компани тухайн газар дээр үйлчилгээний төвтэй орон сууц барихаар төлөвлөсөн байх бөгөөд барилгын ажлаа өнгөрөгч долоо хоногт эхлэх ёстой байсан аж. Харин тухайн дүүрэг, хорооны оршин суугчид ногоон байгууламжийг сүйтгүүлэхгүй, цэцэрлэг хэвээр авч үлдэхээр эсэргүүцлээ илэрхийлэн, шөнө жижүүрлэн хонож байгаа билээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ч Ногоон байгууламж бүхий газрыг хэвээр авч үлдэх хүсэлтэйгээ илэрхийлж Су.Батболдын гаргасан захирамжийг хууль эрх зүйн хүрээнд хүчингүй болгож өгөөч хэмээн Нийслэлийн засаг даргад хүсэлт гаргачихаад байгаа. Албан бичиг ийнхүү шат шатны хооронд нисэлдэх зуурт 88707977 дугаараас ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбайгаа хэвээр авч үлдэхээр тэмцэж буй СӨХ-ийн дарга эмэгтэйг оршин суугчидтай нь дарамталж, Англид амьдарч буй охиных нь амь нас, эрүүл мэндэд халдана хэмээн сүрдүүлжээ.
Заналхийллийг “Номин холдинг” компанийн зүгээс ирүүлсэн гэдгийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шууд хардаж буй бөгөөд дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 88707977 дугаар нь Юнителийн ажилтан байж магадгүй залуугийн гар дээрээс албан бусаар зарагдсан байж болзошгүй бөгөөд мессэж илгээх үеийн байршил болон өөр хоорондоо харьцсан бусад дугаар зэрэг бас бус зүйлээр эзэн холбогдогчийг нь тогтоод байгаа гэнэ.
Эх сурвалж: niigmiintoli.mn









