ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ
Энэ долоо хоногт /2019.05.20-2019.05.26/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ж.Амгалан:Нийгмийн аюулгүй байдлыг хангахад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль чухал үр нөлөөтэй
Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Гэмт хэргийн гаралтыг олон улсын түвшинд авч үзэхэд тийм ч өндөр биш байна. Гэхдээ нийгмийн бухимдал ажилгүйдэл дагасан, ялангуяа мэдээллийн хэрэгслийн сөрөг мэдээлэл нийгэмд хурдацтай тарж байгаа, архидалт зэргээс үүдсэн хүнд ноцтой гэмт хэргүүд гарч байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд санаачлаад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл найруулж бичигдээд хэлэлцэгдэх гэж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль маань нэг талын нийгмийн аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал юм. Зөрчил гарч байж тэр нь гэмт хэрэг болдог. Аль ч салбар, аль ч шатанд ингэж л явдаг. Тэгэхлээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг даруй шийдэхгүй бол болохгүй. Цагдаагийн байгууллагаас одоо хэрэгжүүлж байгаа мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу судалгаа тооцоо хийгээд үзэхэд зөрчил хэдий чинээ өндөр байна, гэмт хэрэг төдий чинээ бага байдаг. Зөрчил илрэхгүй, зөрчлөөс урьдчилан сэргийлэхгүй, тууштай тэмцэхгүй бол гэмт хэрэг өсдөг харьцаа аль ч нийгэмд байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хууль ч түүхэнд үүргээ гүйцэтгэсэн..." гэлээ.
Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчдыг үдэх ёслолын үйл ажиллагаа боллоо
Нэгдсэн Үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо. Энэ удаа манай улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Хойд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн чиг үүргээр зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг хангах нь Нэгдсэн Үндэсний байгууллагын үндсэн үүрэг бөгөөд хамгийн анхны энхийг сахиулах ажиллагааг 1948 онд Ойрх Дорнодод Израиль болон Арабын орнуудын хооронд гал зогсоох гэрээг хянах зорилготойгоор НҮБ-ын Итгэлцлийг зохицуулах байгууллага нэртэйгээр зөвхөн цэргийн ажиглагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш Нэгдсэн Үндэстний байгууллага нийтэнхийг сахиулах 63 ажиллагаа зохион байгуулж, өнөөгийн байдлаар 16 ажиллагаа явагдаж байна. Монгол улсын цагдаагийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний байгууллагын цагдаагаар 2016 оноос бие даан оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.Монгол улсын цагдаагийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний байгууллагын цагдаагаар 2016 оноос бие даан оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ: “БЯЦХАН ЗОРЧИГЧ“ аяны нээлт боллоо
Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан, ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, нээлтээ хийлээ. Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага зэрэг байгууллагууд тус аяныг хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр судалгаанаас харахад зам тээврийн ослоос болж амиа алдсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эхтэйгээ зорчиж авсан байдаг. Тиймээс зохион байгулагчдын зүгээс эцэг, эхчүүд, томчуудад хүүхэддээ авто машины суудлыг хэрэглэж хэвшүүлэх, аюулгүй байдлыг нь хангах тал дээр анхаарч, ойлголттой болох, цаашлаад хэвших дадлыг өгөхөд нь мэдээ, мэдээлэл, олон талын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь осолд өртөх эрсдэлийг 90 хувиар бууруулна
Ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулна. “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэх байдал хангалтгүй байна. Тиймээс энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг аяны хүрээнд хийнэ. Дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон. Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийг найдвартай, зөв тээвэрлэж хэвших нь тэдний амь нас, эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хэлмээр байна.
ӨДӨРЛӨГ: Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан /2019.05.22/ Их жанжин Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан, хууль эрх зүйн туслалцаа үзүүллээ. Мөн жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүллээ. Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгч байгаад иргэд талархалтай байлаа.
Б.Батзориг: “Зөв тусгал“ аяныг Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө өрнүүлж байна
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос “Зөв тусгал” аяны явцын талаар тодрууллаа. Тэрээр ярилцлагандаа "...тус аянаар олон жилийн буруу хандлага үзлийг өөрчлөх хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн контент, өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, хяналт шалгалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон Монгол мөрөөдөл бий болгох уриалга бүхий 500 гаруй эцэг эхчүүдийн хэлэлцүүлэг хийгдсэн. Нийт эцэг, эхчүүддээ хандаж уриалахад та хүүхэд байж үзсэн, харин таны хүүхэд том хүн байж үзээгүй учир тэднийг та л ойлгож харьцах ёстой. Хэчнээн завгүй өдөр өнгөрсөн ч гэсэн завгүй өдрийнхөө төгсгөлд хүүхдэдээ зав гаргаж байгаарай, яагаад гэвэл та өнөөдөр ямар байна, ирээдүйд таны хүүхэд тийм л байх болно. Сүүлийн гурван жилд 4900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ байдлаараа ойрын 10 жилд 16 мянган хүүхэд хохирох хар зураг байна. Энэ тоог бууруулах зорилгоор Зөв тусгал аяныг зохион байгуулж байна..." хэмээн онцоллоо.
ЗӨВ ТУСГАЛ: “Хүүхэд хамгаалагч“ туршилтын төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн хүрээнд ажиллах хүүхэд хамгаалагч ахмад ажилтанд мэдээлэл өгч, чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Нийслэлийн хэмжээнд ажиллах “ Хүүхэд хамгаалагч” төслийн ахмад ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хууль тогтоомж, төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллах чиглэл өглөө.
Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид хүрэл медаль хүртжээ
Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Баттүшиг, мөн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Лхагвасүрэн нар 42 км, 195 метрт 200 гаруй хүн оролцсон тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртлээ.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны аварга шалгаруулах “Самбо“ бөхийн тэмцээн боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн хүрээнд тус албанаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах “Самбо” бөхийн тэмцээнийг “Монголын Самбо бөхийн холбоо”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 36 баг, 176 тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьж оролцсоноос Эрэгтэй +100 кг жинд 1-р байрт Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Б.Баянмөнх, 2-р байрт Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Ш.Чинтуяа, 3-р байрт Завхан аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин, Эрэгтэй -100 кг жинд 1-р байрт Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж, 2-р байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, Ахлагч Ц.Алтангэрэл, 3-р байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Бямбадорж, Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Г.Дашпэлжээ нар шалгарлаа.
“Зөв тусгал“ аян шинэ дуутай боллоо
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд "Зөв тусгал"-д уриалан Дуучин Ука, Thunder нарын хамтарсан "Ахиж хоёулаа муудахгүй шүү" нэртэй шинэхэн уран бүтээл цацагдаж, залуусын хандалтыг ихээр аваад байна.
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны дүн гарлаа
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээг угтаж тус албанаас “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагчдын дунд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Гэрэл зургийн уралдаанд тус албаны харьяа 10 нэгжээс 36 ширхэг гэрэл зураг ирүүлснийг тус албаны удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ нарын шүүгчид шалгаруулалтыг явуулж тэргүүн байранд Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Бид гэмт хэрэгтэй ч тэмцэнэ, гамшиг аюулыг ч сөрнө” сэдэвт гэрэл зураг, Дэд байранд: Цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс ирүүлсэн “Бид хэзээд бэлэн” сэдэвт гэрэл зураг, гуравдугаар байранд Увс аймаг дахь цагдаагийн газар “Эрлийн мэдээ” сэдэвт гэрэл зураг,Тусгай байранд: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Мэдээлэл” сэдэвт гэрэл зургуудыг тус тус байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шалгарсан нэгжүүдийг шагнаж урамшууллаа.
“Архигүй амьдралыг бид хүснэ“ тэмцээний шилдгүүд тодорлоо
Дорнод Аймгийн ИТХ-ын 2018 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн хэмжээний нийт төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хамруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлагдсан удирдамжийн дагуу “Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулан ажиллалаа. Цагдаагийн газраас дээрх тэмцээний 1, 2 дугаар шатнаас шалгарсан төвийн болон орон нутгийн /сумдын Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халхгол, Чойбалсан аймгийн төвийн Дорнод их сургууль, Хилийн 0132 дугаар анги, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, Татварын хэлтэс/ нийт 8 баг 3 дугаар шат буюу “Тэргүүн” байрны төлөө тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр аймгийн “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулав.
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж олох, илрүүлэх ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж байна
Эрүүгийн цагдаагийн албанаас “Анбаунд” төрийн бус байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж олох, илрүүлэх ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б. Даваажав, тус албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, “Анбаунд” төрийн бус байгууллагийг үүсгэн байгуулагч, Сусан Петрс, Америкийн Нэгдсэн улсын Техас мужийн Ерөнхий прокурорын газрын прокурор Габриель Массай, мөрдөгч Жосеф, Скарамучи, “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнгөнхэт, Эрүүгийн цагдаагийн алба болон хилийн боомт бүхий нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, прокурорын байгууллагын 67 ажилтан, алба хаагч нар оролцсон юм. Цаашид энэхүү сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүн худалдаалах гэмт хэргийн бүхий л хэлбэрийг илрүүлэх, мөрдөн шалгах, прокурорын хяналтыг сайжруулах, шүүхээр шийдвэрлэх ажил илүү ахиц гарна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм.
Гэр нь шатсан алба хаагчид таван ханатай шинэ гэр бэлэглэжээ
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Д.Нямжавыг 2019.05.12 ны өдөр авто эргүүлд ажилаа хийж байх хугацаанд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэр нь шатсан байна. Гэр шатах үед эхнэр нь гурван хүүхэдтэйгээ байсан тул галын аюулаас хүүхдүүдийнхээ амь насыг аварчээ. Гэр нь шатсан алба хаагчийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид байгууллагынхаа хэмжээнд сайн үйлсийн аяныг шуурхай зохион байгуулж, таван ханатай шинэ гэр, ор, зурагт зэрэг эд зүйлсийн хамт бэлэглэсэнд алба хаагчийн гэр бүл, үр хүүхдүүд баяртай байна.
Б.Батболд: Хууль бус фэйсбүүк хуудсыг хаах эрх “Фэйсбүүк“ компанид л бийЭрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батболдтой ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Хүний нэр барьж бусдаас мөнгө төгрөг нэхсэн, мэхэлсэн, залилах гэмт хэргийн шинжтэй байвал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэл нээж шалгана. Тухайн тавигдсан мэдээллийн агуулгыг нягталж үзнэ. Зөрчлийн шинжтэй байна уу, гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг тогтооно. Иргэд лайк, шэйр цуглуулж байгаа асуудал нь google лицензид бүртгүүлээд данс нээчихсэн хандалтын тоогоор мөнгө авдаг. Ийм зорилгоор иргэд янз бүрийн мэдээлэл хийгээд хандалт авахыг зорьж байгаа болов уу гэж харж байна. Гүтгэсэн, доромжилсон мэдээлэл агуулагдаагүй, хандалтын тоо өсгөх зорилготой мэдээллүүд яваад байна. Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүлгэм, фэйж хуудсуудыг устгах эрх байдаггүй. Фэйсбүүк компанид өөрт нь л байдаг. Иргэд өөрсдөө тухайн хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгэм, фэйж хуудсуудад репорт хийж болно. Репорт хийснээр Фейсбүүкээс хаадаг..." гэлээ.
Автомашинт эргүүлүүд гудамж, замд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна
Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг ба өдөрт 400,000-500,000 хүн дамжин өнгөрдөг байна. Иймд Энхтайвны өргөн чөлөөний Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ын автобусны буудал, нүхэн гарц, 1 дүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж орчим, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт тодорхой цагуудад автомашинт эргүүлүүд автомашины чанга яригчаар иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, эргүүл шалгалтын ажлыг явуулж байна.
ЦЕГ: Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарыг ажлаас нь халж, ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ
Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад, хүчингийн хэрэгт холбогдоод буй Өндөрхангай сумын цагдаа Ш.М болон Зүүнговь сумын цагдаа О.Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халсан байна. Мөн хэрэг бүртгэл нээн МБА-ны тусгай субьектийг мөрдөн шалгах хэлтсээс уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна гэлээ. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана гэдгээ мэдэгдлээ. Уг хэрийг мөрдөн шалгах явцад шат шатандаа хариуцлагагүй ёс зүйгүй ажилласан алба хаагчдад цагдаагийн байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдулж, шийтгэл оногдуулна гэдгээ мэдэгдлээ. Цагдаагийн алба бол нэр төр, журамт үүрэг дээр тогтдог "ҮНЭНИЙ ТӨЛӨӨ" итгэл үнэмшлийн алба. Хувь хүний ёс зүй, ухамсар, шудрага, үнэнч байдал нь нийт алба хаагчдын нэр төртэй эн дүйцэхүйц тавигддаг журамт шаардлагатай онцлог алба. Тиймээс энэ албандаа хариуцлагатай ажиллахыг нийт алба хаагчдад Цагдаагийн байгууллагаас үүрэг болгодог байна.
Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчиддаа "Гэр бүлийн хүчирхийлэл, аюулын зэргийн үнэлгээ" сэдвээр дотоод сургалтыг охион байгууллаа
Төв аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяа "Гэр бүлийн хүчирхийлэл, аюулын зэргийн үнэлгээ" сэдвээр алба хаагчдад зориулсан ээлжит дотоод сургалтыг зохион байгууллаа.
Төв аймгийн цагдаагийн газраас "Тэмдэг, тэмдэглэгээ" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Улсын хэмжээнд "Тэмдэг, тэмдэглэгээ" хэсэгчилсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулж тус Төв аймгийн цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Төв АЗЗА ТӨХК-уудтай хамтран хатуу хучилттай А0201 авто замын тэмдэг, тэмдэглэлийн стандартад хяналт тавьж эвдэрч хуучирсан тэмдгийг солих, шинээр тэмдэг шаардлагатай газруудын судалгааг гаргаж ажиллалаа.
Төв аймгийн цагдаагийн газраас "Зөв Тусгал" аяны хүрээнд идэвх санаачлагатай ажиллаж байна
"Зөв тусгал" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 3 аж ахуйн нэгж байгууллагын 82 жолоочид хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог сайжруулах чиглэлээр яриа таниулга хийж, тээврийн хэрэгсэл дээр зурагт санамжуудыг байрлуулан ажиллалаа.
Төв аймгийн цагдаагийн газрын цэвэр бичигтэнээр Д.Эрдэнэцэцэг, Э.Азжаргал, Ц.Энхмаа нар тодорлоо
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр", тус газрын Соён гэгээрүүлэх ажлын 2019 оны төлөвлөгөөний дагуу алба хаагчдын дунд "Цэвэр бичигтэн" уралдааныг зохион байгууллаа. Уг уралдаанд нийт 35 алба хаагч оролцож, Их зохиолч Б.Ренчингийн "Монгол хэл" шүлгийн 8 мөрт түүврийг хичээнгүй бичлэгээр бичиж оролцсон ба шүүгчдийн өгсөн оноогоор тэргүүн байранд хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Эрдэнэцэцэг, дэд байранд Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Э.Азжаргал, гутгаар байранд нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Ц.Энхмаа нар шалгарлаа.
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр" Төв аймагт хэрэгжиж байна
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Дашдорж, цагдаагийн бэлтгэл ахмад Л.Хуягбаатар нарыг урьж "Уламжлал ба шинэчлэл" сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтаар алба хаагчдад алдаа, дутагдлаасаа суралцах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, бие дааж суралцах, цагийг үр ашигтай өнгөрүүлэх зэрэг сэдвээр зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас "Зөв тусгал" аяны хүрээнд мэдээлэл өгч ажиллаж байна
"Зөв тусгал" аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1,2,5 дугаар багийн 120 иргэнд сургалт зохион байгууллаа. Тус сумын СӨБ-ын байгууллагтай хамтран Аз жаргалтай гэр бүл чуулганыг зохион байгуулж 150 эцэг эхчүүдэд хамрагдаж иргэдийг Зөв тусгал аянд нэгдүүлж ажиллаа.
Дундговь аймгийн Цагдаагийн газраас "АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕ" уулзалтыг хийж байна
ЦЕГ-ын даргын 2019 оны А/37 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус тасагт ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, хөдөлмөрийн чадвартай ахмад ажилтнуудыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд татан оролцуулж, аймгийн төвд хэв журам сахиулах эргүүл, шалгалтад тасгийн алба хаагчдын хамт ажиллууллаа. Арга хэмжээнд оролцсон алба хаагч болон ахмадуудад улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "ЗӨВ ТУСГАЛ" хөдөлгөөний талаар мэдээлэл хийж, хөдөлгөөнд нэгдүүллээ.