АТГ: МИАТ компанийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй
АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Тэгвэл АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү:
"Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий төрийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, чиглэл өгдөг. Үүний хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүллээ.
Жишээлбэл, Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн.
2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн." гэв
Төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоов
АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож гаргаад байна. Энэ жилийн хувьд улсын 6 эмнэлэг, 3 их сургууль, төрийн өмчит 6 хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан. Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой.
Өөрөөр хэлбэл, тэр төрийн байгууллагад байгаа “авлигын өвчний онош”-ийг тогтооно гэсэн үг. Тавьсан оношийн дагуу “эмчилгээ” хийнэ, тэр эмчилгээ нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байх болно. Авлигын эрсдлийн тайланг ирэх сард олон нийтэд нээлттэй танилцуулна.
Төрийн 33400 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд танилцуулав
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 33400 гаруй албан тушаалтны 2018 онд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа. Албан тушаалтнуудын ХОМ-ийг ийнхүү сайтад байршуулж танилцуулж байгаа нь иргэд, олон нийт хөрөнгө, орлогын мэдүүлгийг унших, хянах, мэдээлэх, санал шүүмжлэлээ хэлэх, шүгэл үлээх бололцоог олгож буй явдал юм. Тиймээс иргэд, олон нийтээс албан тушаалтнуудын ХОМ-ийн талаар гомдол, мэдээллээ ирүүлэх, АТГ тэдгээрийг хүлээж авах нь бүрэн нээлттэй. Цаашид батлагдсан хуваарийн дагуу УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна.
Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ 5 дугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:
- МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
- Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
- Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар болно.
Дээр дурдсан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаас халах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага тооцуулжээ. Өнөөдрийн байдлаар 33 албан тушаалтны мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









